Энэ жил 65 жилийн түүхэн ой нь тохиож буй “Буянт -Ухаа” Олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргалтай ярилцлаа.
– Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе
– Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе.
– “Буянт-Ухаа” ОУНБ-ын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байгаа талаар яриагаа эхлэе?
– Бидний хэлж сурсанаар шинэ нисэх буудал маань 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр ашиглалтад орсноор “Буянт-Ухаа” нисэх буудлын үйл ажиллагаа зогссоныг та бүхэн мэдэж байгаа. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан нисэх буудлын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу ажиллуулах ёстой гэснээр бид нэрээ дахин сэргээж 2021 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр “Буянт-Ухаа” ОУНБ гэсэн статусаа, Иргэний нисэхийн дүрэм 139-ийн гэрчилгээ эзэмших эрхээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд тус тус хүлээн авсан. Энэхүү гэрчилгээг авахын тулд маш олон бичиг баримт боловсруулж богино хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлж НААХЗА-аар хянуулж гэрчилгээгээ авч чадсан.
– “Буянт-Ухаа” ОУНБ цаашдаа ямар, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах вэ?
– “Буянт-Ухаа” нисэх буудал яах бол гэх асуулт олон хүний сонирхол татсан сэдэв байлаа. Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолд “Буянт-Ухаа” ОУНБ-ыг олон улс, орон нутгийн нөөц нисэх буудлаар мөн захиалгат, хувийн, онцгой тусгай үүргийн нислэг, нисэхийн сургалтын зориулалтаар ашиглана гэж заасан. Энэ дагуу БУОУНБ-ын үндсэн чиг үүрэг нь нислэг үйлдвэрлэлийн аэродромын бэлэн байдлыг ханган бэлтгэл нөөц нисэх буудлаар, нөгөө талдаа бизнесийн чиглэлээр ажиллаж байна. Бид нисэх буудлын хориотой хамгаалагдсан бүсээ мөн тогтоолгож, аэродромынхоо ерөнхий төлөвлөлтийг боловсруулж ЗТХЯ, ИНЕГ-аар батлуулж чадлаа. Нисэх буудлын хувьд нэг жилийн бизнес төлөвлөгөөтэй л ажиллаж ирсэн бол өнөөдөр бид “Буянт-Ухаа” ОУНБ-ын 5 жилийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж дууслаа. Энэхүү стратеги төлөвлөгөө нь Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хамт олныг хөгжлийн алсын хараан дор нэгтгэн, хамтын хүчин чармайлалтыг удирдан чиглүүлэх зорилготой бодлогын бичиг баримт юм. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнд нисэх буудлынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангах чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа.
– Аэродромын төлөвлөлтөө хэрхэн хийгдсэн бэ?
– Бид аэродромын сул талбайг ашиглан ИНЕГ, “Буянт-Ухаа” ОУНБ өөрийн ангарыг байгуулахаар стратеги төлөвлөгөөндөө тусгасан байгаа. Ангар барих ажил 2023 онд эхэлж, 2026 он гэхэд нийт 10 ангартай болох юм. Мөн аэродромын арын сул талбайд ажилчиддаа зориулсан нарийн ногоо, мод үрсэлгээний хүлэмж байгуулах мөн Хүмүүнлэгийн ачаа шуудангийн үйлчилгээг үзүүлэх барилга байгууламж барих зэргээр хоосон талбайгаа бүрэн ашиглахаар төлөвлөсөн.
– Нисэх буудал маань маш гоё хурлын танхимтай болсон байна?
– Тийм шүү. Дотоод нөөц боломжиндоо тулгуурлан ажилчдынхаа хүчээр хоёр давхрын /хуучнаар/ явагчдын танхимаа тэр чигээр нь засч тохижуулаад, хурлын танхим болгосон. Одоо ИНЕГ түүний харьяа салбар нэгжүүд маань хурлаа хийх, сургалт авах бүрэн боломжтой болсон.
– Энэ оны ажлын төлөвлөгөөнөөсөө танилцуулбал?
– Бид 2022 онд 3 чиглэл, 7 зорилтын хүрээнд 31 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээр улирлын төлөвлөгөө 92 хувийн биелэлттэй, дөрөвдүгээр сарын төлөвлөгөө 90 хувийн биелэлттэй гарсан. Төлөвлөгөөний дагуу гүйцэтгэл өндөр хувьтай ажиллаж байна. Бидний хувьд “Нисэхийн баяр” гэдэг бол хүлээлттэй баяруудын нэг байдаг юм л даа. Энэ жил ИНЕГ-ын 97 жил, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үүсэж хөгжсөний 65 жилийн ойгоо угтан нисэх буудлынхаа өмнөх талбайд “Буянт-Ухаа” ногоон төгөл байгуулахаар бүтээлч ажил санаачилан газар шороо, дэд бүтэц, суурийн ажлын гүйцэтгэл 75 хувьтай явж байна. Удахгүй тавдугаар сарын 21-нд нээлтээ хийхээр бүтээлч хөдөлмөрч, чадварлаг хамт олон маань ажлын бус цагаар амралтын өдрөөр ч ажиллан дуусгахаар хичээж байна. Улс орон даяар хэмнэлтийн горимд шилжсэн хэдий ч манай хамт олон дээр дурдсан бүтээн байгуулалтын ажлыг дотоод нөөц бололцоогоороо, ажилтнуудынхаа хүч хөдөлмөрөөр, хандивын аян зохион байгуулан шийдэж байгааг дурьдахад таатай байнаа. Засч янзлах боломжтой бүхнээ засч тордож, сэлбэж, бүтээж байна даа.
– Агаарын тээвэрлэгч, аялал жуулчлалынхан оролцсон форум зохион байгуулна гэж та онцолсон?
– Мөн л нисэхийн баяраа тохиолдуулан бид “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулахад “Аялал жуулчлалын салбар, агаарын тээвэрлэгчдийн оролцоо” сэдэвтэй форумыг энэ сарын 20-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Уг форумын зорилго нь ерөөсөө л БУОУНБ-ын ашиглалтыг нэмэгдүүлэн нислэг үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааг дотоодын аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байгаа юм. Засгийн газрын 455 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд дээрх байгууллагуудын уялдаа холбоо, оролцоог сайжруулах нэгдсэн төлөвлөлт, шийдэлд хүрч, хэрэгжүүлэх зорилго тавьж байна. Гарах үр дүн нь БУОУНБ-д үйлдэх нислэгийн тоог нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах, Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Иргэний нисэхийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ийм л бодит үр дүн үзүүлнэ гэж найдсан хүлээлттэй байгаагаа нуух юун. Эдгээр ажлууд бүгд л нисэхийн баярыг тохиолдуулан төлөвлөж эхэлсэн ажлууд.
– Төгөлд өөр ямар ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ?
– Хотын шинэ суурьшлын бүс нисэхийн рүү тэлж байгаатай холбогдуулаад шинээр байгуулж буй төглийг зорих олны хөл тасрахгүй биз ээ. Тиймээс аль болох ашиггүй талбай үлдээлгүй, иргэдийн тав тухтай амрах, агаарлах боломжийг хангахын төлөө хичээн ажиллаж байна. Төглийн гол хэсэгт усан оргилуур хийнэ гэж төлөвлөж байсан. Гэвч усан оргилуур зуны гурван сард оргилж бусад үед ажиллах боломжгүй учраас больсон. Тэгээд оронд нь юу байж болох вэ гэж ярилцаад утга төгөлдөр, маш гоё хөшөө байж болох юм гэх шийдэлд хүрсэн. Ингээд “Боржигон суварга” компанийн захирал н.Түвшинжаргалд энэ саналаа хэлтэл маш сайхан хүлээн авч нийгмийн хариуцлагын хүрээнд хийж өгөхөөр болсон. Мөн ЗХЖШ-т хүсэлт гарган зөвшөөрсний дагуу Як-18, МИ-4 загварын хоёр нисдэг тэргийг Налайхын цэргийн ангиас тээвэрлэн авчирсан. Одоо манай Газрын тусгай үйлчилгээ шатахуун хангамжийн албаны ерөнхий инженер техникчид болон Аж ахуй, дулаан сантехникийн албаны гарын дүйтэй, инженер техникийн ажилтнуудынхаа хүчээр засварлаж байна.
– “Нэг ажилтан – нэг мод” хандивын аян явагдаж байгаа. Энэ талаар?
– Тийм ээ. Төглийнхөө газрыг гадна талаар нь хуайсаар хүрээлээд, дотор нь нарс мод тарих юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хэмжээний хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан модны үнэ маш их нэмэгдэж, олдоц нь ч муу байна. Бид олон газраар явлаа. Нэг ширхэг нарс модны үнэ 150-180 мянга байх жишээтэй. Эхний ээлжинд модны мөнгөө олохын тулд “Буянт-Ухаа” нисэх буудлынхаа ажилтнуудын дунд хандивын аян зохион байгуулсан ч төдийлөн хуримтлал үүсээгүй. (100ширхэг мод 100000 төгрөгөөр нарс худалдан авахад дор хаяж 10сая хэрэгтэй байсан) Тэгэхээр нь ИНЕГ-ын салбар нэгжүүдийн хүрээнд энэхүү аянаа үргэлжлүүлсэн. Мөн ИНЕГ-ын даргын өргөтгөсөн шуурхай хуралдаанд ордог бүх удирдлагуудад “дарга бүр 100 мянган төгрөг хандивлах”-ыг уриалсан. Бүх удирдлагууд маань сайхан дэмжин оролцож байна. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хувиасаа нэг сая төгрөгийн хандиваас гадна 20 ширхэг улиас мод хандивласан. Одоогийн байдлаар нийт 14 сая төгрөгийн хандив цугларч ажил маань бүтэмжтэй сайхан явж байна. Энэ сарын 14-ний өдөр 10 цагаас хандив өгсөн ажилтан, алба хаагчид маань модоо тарина. Үүнээс өмнө онгоцоо засварлах, хөрсөө бэлдэх, хашаа, саравчаа барих гээд амжуулах ажил их байна. Модоо тарьсны дараа зүлэгжүүлнэ. Төглийн нээлт тавдугаар сарын 21-нд болно. Мод тарьснаас хойш нээлт болтол бидэнд долоо хоногийн хугацаа байгаа гэсэн үг. Зүлгээ яаж зөв технологиор ургуулах вэ гэх асуудал санаа зовоож байгааг нуух юун. Зүлэг ногооруулахад маш давчуу хугацаа. Гэхдээ боломжгүй юм байхгүй л гэж боддог.
– Таны өрөөний самбар дээр “Нисэх загварын шоу” гэж тэмдэглэсэн байна. Хэзээ болох вэ?
– Нисэх загварын “Хязгааргүй…” нэртэй шоу арга хэмжээ энэ сарын 21-нд болно. Ямар учиртай шоу вэ гэхээр ирсэн зочид маань пуужин загварын тэмцээн үзэж, загварын онгоцыг өөрийн гараар бүтээж, бүтээсэн онгоцоороо үзэгчдийн дундах тэмцээнд оролцох боломжтой. Хүүхэд залуучуудын маш их сонирхдог, оролцдог арга хэмжээ шүү дээ. Ийм сайхан өдөр “Буянт-Ухаа” төглийнхөө нээлтийг хийнэ. Энэ үеэр дэлхийн 8 рекордыг эзэмшдэг “Zola & bros”-ын хамт олны циркийн тоглолт болно. Мөн манай буудал Нисэхийн залуучуудын холбоотой хамтран нисэхийн салбарын бүх мэргэжлийг сурталчлах өдөрлөгийг давхар зохион байгуулахаар төлөвлөсөн. Үзэгч иргэддээ зориулан Бага оврын агаарын хөлгүүд мөн байршина. Ерөнхийдөө энэ өдөр Иргэний нисэхийн салбарыг бүрэн утгаар нь сурталчлах цогц арга хэмжээнүүд болно гэсэн үг.
– БНСУ-ын Алс дорнодын их сургуультай хамтран ажиллах болсон гэж сонссон. Энэ талаар?
– Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн төлөөлөгчид ирж уулзсан. Уулзалт амжилттай болж талууд харилцан танилцуулгаа хийн, хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Алс Дорнодын их сургууль маш олон чиглэлээр сургалт явуулдаг юм билээ.
– “Буянт-Ухаа” ОУНБ-ын гадна талбайд “Car cinema” нээгдэх юм байна?
– Тийм ээ. Манай нисэх буудал гаднаа 425 автомашины зогсоолтой. Энэ зогсоол дээрээ “Car cinema”-г ажиллуулахаар харилцан тохиролцож хамтран ажиллахаар ярилцаж байна. Зорин ирсэн иргэд машин дотроосоо кино үзэж болно. Ийм төрлийн үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно. Өнгөрөгч амралтын өдрүүдээр туршилт хийж үзсэн. Залуучууд маш их сонирхож ирж байна лээ. Иргэд, үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун, ам сайтай байсан. Цаашдаа баасан, бямба, ням гарагуудад гаднах талбайгаа “Car cinema” болгож, үзвэр үйлчилгээ явуулдаг болно.
– Энэ сард танай хамт олон гадна талбайдаа нилээд ажиллах шиг боллоо тийм ээ?
– Өө тэгэлгүй яах вэ. ИНЕГ-ын дарга дөрөвдүгээр сарыг “Бүтээлч аяны сар” болгоё гэдэг чиглэл өгсний дагуу манай хамт олон энэ сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдээр аэродромынхоо олон жилийн хур хогноос саллаа. Хоёр дахь долоо хоногийн амралтаар мод тарих талбайн хөрсийг бэлдэх зорилгоор зэрлэг өвсийг цэвэрлэлээ. Дараа долоо хоногт нь хамт олныхоо дунд спортын таван төрлөөр тэмцээн зохиож, шилдгүүдээ шалгаруулсан. Хамт олон маань их сэтгэл хангалуун байгаа.
– Та “Буянт-Ухаа” ОУНБ-ын хамгийн анхны эмэгтэй дарга юм билээ. Энэ том айлыг удирдахын тулд ямар зарчим баримталж ажилладаг вэ?
– Хамт олон удирдаж байгаа хүн эхлээд тэднийхээ хэтийн зорилгыг мэдэрч, хийхээр төлөвлөсөн ажлуудаа маш сайн ойлгуулж чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Эмэгтэй хүний зан байж мэднэ, жижиг сажиг гэлтгүй бүх л юм руу өөрөө гүйж орчих гээд байдаг /инээв/. Анх ажлаа аваад бүх ажилчдын хурал хийсэн. Тэр хурал дээр хийхийг хүсч байгаа, төлөвлөж байгаа ажлаа танилцуулсан. Тухайн үед их олон хүн “үлгэр ярьж байна даа” гэж бодож байсан гэнэ лээ. /инээв/. Харин өнөөдөр “Буянт-ухаа” төгөл, нисэх буудлын стратеги төлөвлөгөө, нисэх загварын шоу гээд ярьж байсан бүх ажлууд маань төлөвлөсөн цаг хугацаандаа хийгдэж байна. Мэдээж энэ бүхнийг би ганцаараа хийж байгаа юм биш. Манай удирдлагын баг, үүний цаана ажилсаг, хөдөлмөрч ажилтан албан хаагчдын маань бүтээлч сэтгэл, хүч хөдөлмөр байгаа. Амралтын өдөр ч хамаагүй цуглаад хариуцсан ажлуудаа хийгээд явж байгаад нь чин сэтгэлээсээ баярлаж суугаа. Энэ боломжийг ашиглаад Иргэний нисэхийн 97 жил, “Буянт-Ухаа” ОУНБ-ын 65 жилийн ойн босгон дээр хийгдэж байгаа энэ бүтээлч ажлуудад хамтдаа хөдөлмөрлөж, баг хамт олноороо нэг зүгт харж чадаж байгаа нийт ажилтан, алба хаагчиддаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Мөн Иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан ажиллаж байгаа ахмад, дунд, залуу үеийн бүх хүмүүстээ Нисэхийн баярын мэндийг хүргэе.
Сэтгүүлч: Н.Мөнх-Өлзий