Монгол Улсад Нисэх Хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан “Нисэх-Миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөг өнөөдөр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын урд талбайд болж байна.
Нисэхийн салбарт ажиллах хүсэл сонирхолтой оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан нисэхийн чиглэлийн ямар мэргэжил эзэмших, гадаад, дотоодын их, дээд сургуулиудын мэдээлэл, ажлын байранд тавигддаг шаардлага зэрэг олон талын мэдээ, мэдээллийг нэг дор олгож байгаа уг өдөрлөгийг Иргэний нисэхийн залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа юм.
Өдөрлөгийн үеэр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож, сурагч, оюутан залууст хэрэгтэй мэдээ мэдээллийг өгч байгаа төр хувийн хэвшлийн байгууллага, хамт олон та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд ирж, мэдлэг мэдээлэл олж авч байгаа энэ олон хүүхэд залуус маань маргааш энэ салбарын шинэ, залуу ирээдүй болно гэж итгэж байна” гэлээ.
АНҮГ-ын дарга Э.Төрбаяр хэлэхдээ “Иргэний нисэхийн залуучуудын холбооноос 2018 оноос эхлэн “Нисэх-Миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөгийг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас хоёр жил тасраад байсан энэ арга хэмжээгээ өнөөдөр салбарын бүх байгууллагууд цуглаж, сургуулиа төгсөж байгаа хүүхдүүд болон мэргэжлээ сонгох гэж буй залуустаа зориулан зохион байгуулж байна. Энэ удаад мөн нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын “Хансео” их сургууль, Тайландын Вант улсын Иргэний нисэхийн сургалтын төв гэсэн олон улсын байгууллагууд оролцож байна. Хичээл зүтгэл гарган, өөрсдийн байгууллага болон мэргэжлээ сурталчлан таниулж байгаа нийт газар, байгууллагын хамт олон та бүхэнд талархал илэрхийлье” гэсэн юм.
Өдөрлөгт ИНЕГ, түүний алба салбарууд, “МИАТ” ТӨХК, “Монголын нисэхийн академи” ХХК, “Аэро монголиа” ХХК, “Скайжет” ХХК, “Изинис Эйрвэйс” ХХК, “НУБИЭ” ХХК зэрэг нийт 16 байгууллага оролцож байна.