– Танд Нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ойн мэнд хүргэе. Таны Иргэний нисэхийн салбартай анх танилцсан, энэ салбарт хөл тавих болсон учрал тохиол юу байв?
– Баярлалаа. Анх таван настай байхдаа аавтайгаа хамт онгоцонд сууж үзсэн. Тэр нь Маршал Х.Чойбалсангийн “Ли-2” гэдэг онгоц байсан. Гэхдээ тэр үед хүүхэд байсан болохоор бага зэрэг айсан ч байх, дотор муухайраад буусан болохоор онгоцны талаар тийм таатай сэтгэгдэл төрөөгүй. Хожим аавыгаа дагаад гадаад, дотоодын төлөөлөгчид угтах гээд “Буянт-Ухаа”-гийн аэродром дээр очдог байсан. Тэр үед Оросын “Аэрофлот”, Хятадын “Air China”, манай “МИАТ”-д урдаа барьдаг ганц онгоц нь “Ил-14” байсан юм. Тухайн үед байлдааны зориулалттай онгоцыг энгийн болгож засварлах нь их байсан. Гэхдээ “Ил-14” бол байлдааны онгоц биш. Анх зохион бүтээхдээ л их тохилог тухтай хийгдсэн онгоц. Тэр онгоцыг үзээд “Энэ онгоцоор нисэх юмсан” гэсэн хүсэл төрсөн. Тэгээд онгоцыг таньж мэдэх хүсэлдээ автаад, онгоцны инженер болохоор шийдсэн хэрэг.
– Та ямар сургуульд мэргэжил эзэмшсэн бэ?
– 1962 онд дунд сургуулиа төгсөөд “Би нисэхийн инженер болъё” гэж аавдаа хэлсэн юм. Миний аав Халх голд төдийгүй Хятад улсад Монголын армийг командлаад байлдаж явсан, Батлан хамгаалахын сайд хүн. Тэр үед Оросын армийг командалж явсан Маршал Малыновский Родион Яковлевич мөн ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд болсон байсан. Нэг ёсондоо дайны хоёр найз нэг нь Монголын, нэг нь ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд байсан болохоор миний хувьд Зөвлөлтийн Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид сурахаар явахад амархан байсан л даа. 9 дүгээр сарын нэгэнд анх сургуульдаа очиход хичээлийн нээлт гээд оюутнууд жагсдаг шүү дээ. Тэр дунд Юрий Гагарин, Герман Титов хоёр жагсаж байсан. Зөвлөлтийн засгийн газар хоёр сансрын нисгэгчээ хамгийн сайн сургуульдаа өгч байгаа нь тэр. Манай сургууль 1920 онд В.И.Лениний захирамжаар цэргийн нисэх хүчний алба хаагчдыг бэлтгэхээр байгуулагдсан академи байхгүй юу. Энэ академиас С.В.Илюшин, Артем Мокиян зэрэг мундаг мундаг зохион бүтээгчид төрөн гарсан. 1967 онд онгоцны ашиглалтын инженерээр сургуулиа төгсөж ирээд би “МИАТ”-д шугамын инженерээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед “МИАТ” Батлан хамгаалахын яамны Агаарын харилцааны газар гэж байсан юм. Ингэж л ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн дээ.
– Тэр цагаас хойш Иргэний нисэхийн салбарт ажиллаж байх үед тохиосон, хамгийн ихээр сэтгэлд үлдсэн үйл явдал юу байв?
– Хамгийн сайхан үйл явдал гэвэл 1967 онд сургуулиа төгсөж ирээд л “АН-24” онгоцыг ашиглаж эхэлсэн явдал байсан. “АН-24” онгоц бол 1957 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн, бага болон дунд зайнд нисэх зориулалттай, 44 хүний суудалтай, тухтай онгоц. Энэ онгоцыг ашиглана гэдэг бол дөнгөж сургуулиа төгсөж ирсэн залуу хүний хувьд том аз тохиол юм шүү дээ.
– Та 1974 оноос ИАТУЕГ-ын нэгдүгээр орлогч дарга, ерөнхий инженерээр томилогдож байсан юм билээ. Тэр үеийн дурсамжаа хуваалцвал?
– Тийм. 1974-1979 оны хооронд таван жилийн хугацаанд нэгдүгээр орлогч дарга, ерөнхий инженерээр ажилласан. Энэ хугацаанд хоёр генералын орлогчоор ажилласан. Эхлээд Д.Гунгаа генералын, дараа нь С.Санжмятав генералын орлогч байлаа. 1979 онд ИАТУЕГ-ын даргаар томилогдож байсан юм.
– 1981 онд Монгол хүн анх удаа сансарт нисэхэд иргэний нисэхийн салбарынхан хэрхэн хүлээж авч байв?
– Ж.Гүррагчаа баатар сансарт нисээд эргэж ирсэн нь монгол хүн бүрийн хувьд маш том баяр болсон. Тэр дундаа манай Жуковскийн академи төгсөгчдийн хүсэн хүлээсэн баяр байсан. Учир нь бүгд Монгол улсаас сансарт ниссэн анхны хүн манай сургуулийн төгсөгч байгаасай гэж хүсч, тэмүүлсэн. Мөн манай Ж.Гүррагчаа дэлхийгээс сансарт ниссэн 101 дэх хүн. Тэр дундаа өмнө ниссэн хүмүүс нэг бол нисгэгч, нэг бол нисэхийн инженер байсан. Ж.Гүррагчаа бол цэргийн нисэхийн цахилгааны инженер. Тэгэхээр мэргэжлийн хувьд арай өөр гэж хэлж болно.
– Та 1993 онд дахин ИНЕГ-ын даргаар томилогдож байсан. Энэ үеийн дурсамжаасаа хуваалцаач?
– 1986 онд намайг ИАТУЕГ-ын даргаас чөлөөлсөн. Тэгээд эдийн засгийн харилцах зөвлөл гэж байсан. Тэр газрын машин үйлдвэрлэлийн газар руу шилжсэн юм. Энэ үед нисэхийн салбараас бүрэн хөндийрсөн. 1993 онд дахин даргаар томилогдоход ардчилал ялчихсан, зах зээлийн эдийн засагт шилжсэн цаг үе шүү дээ. Тэр үеэс салбарын хэмжээнд ч маш их өөрчлөлтүүд хийгдсэн. “Хангарьд” гэж агаарын тээврийн хамгийн анхны хувийн компани байгуулагдаж байлаа. Азийн хөгжлийн банкнаас зээл авч, олон сайхан бүтээн байгуулалтыг эхлүүлж байлаа. Ингээд 1996 онд Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулж, тухайн үед ажиллаж байсан бүх л сайд, дарга нарыг халж, сольсон шүү дээ. Тэр дунд би ч мөн адил ажлаа өгсөн.
– 1993 онд “МИАТ” компанийг удирдах газраас салгаж, тус компанийн орон тоог батлах, засвар үйлчилгээний газартай болгох гээд их ажил өрнөж байсан юм билээ
– ИНЕГ маань Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газар гэдэг нэршилтэй байсан. Тухайн үед бид Азийн хөгжлийн банкнаас зээл авах хүсэлт тавьсан юм. Азийн хөгжлийн банк бол дэд бүтцэд хөнгөлттэй бөгөөд удаан жилийн зээл өгдөг байхгүй юу. Тэр зээлд хамрагдахын тулд “МИАТ”-ыг ИАТУЕГ-аас салгах шаардлага үүссэн. Учир нь “МИАТ” бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа, ашиг олж байгаа компани учраас салгахаас өөр аргагүй болсон. Тэгээд Зам тээврийн яамны харьяа ИНЕГ болж, өөрчлөлт хийж байж зээлээ авч байлаа. Тухайн үед 36 сая долларыг жилийн 0.8 хувийн хүүтэй, эхний 10 жилд эргэн төлөлт хийхгүй, 40 жилийн хугацаатай зээл авч байсан юм. Энэ зээлийн төсөлд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын онгоцны шат, хоолойнууд, нислэг хөдөлгөөний төв, хөөрөх буух зурвас барьж байгаа юм. Мөн хамгийн том ажил нь ангар барих ажил байсан.
– Иргэний нисэхийн салбарын хөгжил өнөөдөр ямар хэмжээнд байна гэж та харж байна? Цаашид яах вэ?
– Хэдхэн өдрийн өмнө болсон Нисэх хүчний 97 жилийн ойн хурал дээр намайг үг хэлэхийг урьсан. Тэр үед би хэлсэн юм. Өнөөдөр Монгол улсын Иргэний нисэхийн салбар боловсон хүчний хувьд ч тэр, тоног төхөөрөмжийн хувьд ч тэр дэлхийн стандартад хүрчихсэн. Мөн удирдаж байгаа хүмүүс нь бүгд мэргэжлийн хүмүүс болсон байгаад би их баяртай байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр салбараараа бага зэрэг уналтад орох шиг боллоо. Уг нь хамгийн хурдацтай хөгжиж байсан салбар юм шүү дээ.
– За энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөж байна. Танд эрүүл энхийг хүсье. Мөн энэ салбарыг хамгийн олон жил удирдаж, өнөөдрийн хөгжилд хөтөлж ирсэнд тань талархал илэрхийлье.
– Маш их баярлалаа. Та бүгдийнхээ ажилд өндөр амжилт хүсье.