Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын “Ази, Номхон далайн бүсийн орнуудын иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 57 дугаар хурал” Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчеон хотноо 2022 оны долдугаар сарын 03-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус хуралд Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан оролцож байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) нь долоон бүсд хуваагддаг бөгөөд түүн дотор хамгийн олон гишүүн оронтой бүс нь Ази, Номхон далайн бүс (АНДБ) юм. Энэхүү хурал нь АНДБ-ийн түвшинд иргэний агаарын тээврийн тогтвортой, аюулгүй хөгжлийг хангах, олон улсын стандарт шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг. Тиймээс энэ удаагийн хурлаар (ICAO)-ын АНДБ-ийн Гишүүн орнууд Агаарын навигацийн болон нислэгийн аюулгүй ажиллагааны нэгдсэн системийг бий болгох, иргэний нисэхийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, ковидын дараах үеийн Агаарын тээврийг хэрхэн хурдацтай сэргээх талаар хэлэлцэж байгаа бөгөөд олон улсын судлаачдын мэдэгдсэнээр 2024 онд агаарын тээврийн зорчигч урсгал 2019 оны түвшинд хүрэх төлөвтэй байгааг мэдэгдлээ. Мөн өмнөх хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилт, үйл ажиллагааг дүгнэх, ирэх нэг жилийн хугацаанд хийх ажил, хэрэгжүүлэх хөтөлбөрөө батлах юм.
Нийтлэгдсэн 2022-07-04