Германы агаарын тээврийн “Lufthansa” компани газрын үйлчилгээний ажилтнуудтайгаа ойлголцолд хүрчээ. Тус компаний газрын үйлчилгээний ажилтнууд долдугаар сарын 28-ны өдөр цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг тавьж, ажил хаялт зарласан юм. “Simple Fliyng”-ийн тэмдэглэснээр “Ажил хаялт болсон тухайн өдөр “Lufthansa” ердөө 8 нислэг үйлдсэн бөгөөд 1000 гаруй нислэг цуцлагдсан. Энэ асуудал зөвхөн нэг өдөр болоод өнгөрсөн зүйл биш. Түүнээс хойшхи олон өдрийн нислэгт ачаалал үүссэн. Үүгээр зогсохгүй “Lufthansa” 35 сая еврогийн бодит алдагдал амссан” гэжээ. Тэгвэл тус агаарын тээвэрлэгч компани наймдугаар сарын 4-ний өдөр 20 мянган ажилтны эрх ашгийг хамгаалдаг “Верди” үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзаж, ажилтнуудынхаа цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Хэлэлцээрийн үеэр тэд 2023 оны нэгдүгээр сараас 2.5%, 2023 оны долдугаар сард дахин 2.5%-иар цалин нэмэх бөгөөд нийт 18 сарын хугацаанд шат дараалалтайгаа цалингаа нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Нийтлэгдсэн 2022-08-08