Цар тахлаас шалтгаалж агаарын тээвэрлэгч компаниудын хувьд алдагдалтай ажилласан гэдгийг албаныхан мэдээлж буй. Гэвч Монгол Улс гадаадын жуулчдыг татахын зэрэгцээ дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх нь 2022 оны том зорилго. Харамсалтай нь орон нутгийн нислэгийн суудал дүүрэхгүй, ашиггүй байгаагаас зарим аймаг руу хийх нислэгийг ирэх есдүгээр сар хүртэл хаасан. Тэгвэл дээрх хязгаарлалт тогтоосон зарим аймаг руу үйлдэх нислэгийг сэргээх, мөн зорчигч ихтэй нислэгүүдийн хуваарийг нэмэх талаар авиа компаниуд судалж эхэлжээ. Мөн авиа компаниуд орон нутгийн нислэгүүдийн тийзийн үнийг буулгасан байна.
Тухайлбал, “Аэро Монголиа” компанийн хувьд суудал дүүргэлтээс шалтгаалж орон нутгийн Увс зэрэг зарим аймгийн нислэгүүдээ цуцлаад байсан бол сэргээсэн байна. Ингэхдээ нэг талын нислэгийн үнийг 200 мянган төгрөг болгож буулгажээ.
Увсаас гадна Өлгий, Ховд, Завхан руу долоо хоногт тус бүр хоёр удаа хуваарьт нислэг үйлдэж байгаа аж. Суудал захиалгын тоо ирэх очих хоёр талдаа нийлээд 70-аас дээш болсон тохиолдолд нэмэлт нислэг үйлдэх боломжтой. Үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй гэнэ.