ЕХ нислэг саатал, цуцлалттай холбоотой зорчигчдод олгох нөхөн олговрын дүрмийг шинэчлэх талаар хэлэлцэж байна. Сүүлийн үед агаарын тээврийн компаниудад нислэг саатал, цуцлалт асар их нэмэгдэж байгаа бөгөөд нөхөн олговрын асуудал урьд өмнө хэзээ ч одоогийнх шиг ачаалал үүсгэж байгаагүй гэнэ. Зорчигчид гурван цагаас илүү хугацаагаар саатсан үед тухайн агаарын тээврийн компани 250-600 долларын хооронд нөхөн олговор олгох ёстой байдаг. Агаарын тээвэрлэгч нарын зүгээс нөхөн олговор олгох шаардлагыг бууруулахыг уриалж байгаа бол зорчигчид нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа юм. Учир нь нэг нислэг саатахад дараагийн нислэг ч мөн адил саатах магадлалтай байдаг бөгөөд энэ нь дамжин нисэх зорчигчдын хувьд том асуудал болдог гэсэн байна. Мөн Брюссельд төвтэй BEUC хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төв нөхөн төлбөрийн хэмжээг хэвээр үлдээж, хэрэгжилтийг чангатгах хэрэгтэй хэмээн мэдээлжээ.
Нийтлэгдсэн 2022-08-12