АНУ-ын агаарын тээврийн компаниуд цар тахлын үед ажилтнуудаа цомхотгосноос үүдэн ажиллах хүчний хомсдолд орж, энэ нь зорчигчдод ихээхэн чирэгдэл болж байгаа бөгөөд энэ оны турш агаарын тээвэр, нисэх буудлуудад эмх замбараагүй байдал үргэлжлэв. Мөн нислэг саатал, цуцлалтаар АНУ хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм.
АНУ-ын Тээврийн яамнаас агаарын тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад бараг 270 хувиар өссөн болохыг тогтоожээ. Тус яамны мэдээлснээр “Үйлчлүүлэгчид сүүлийн нэг жилийн хугацаанд авсан үйлчилгээндээ огт сэтгэл ханамжгүй байна. Аялал жуулчлалын эрэлт эрс нэмэгдсэнээс хойш агаарын тээврийн компаниуд үйлчлүүлэгчиддээ бүтэлгүй нислэгийн туршлагыг л нэмлээ. 2022 оны зургадугаар сард ирсэн 5862 гомдлын 57.7 хувь нь АНУ-ын агаарын тээврийн компаниудын эсрэг байсан бол 34.5 хувь нь өөр орны тээвэрлэгчидтэй холбоотой. Харин үлдсэн нь аялал жуулчлалын компаниудын эсрэг гомдол байлаа. Мөн дийлэнх хувь нь нислэг саатал, цуцлалтаас шалтгаалсан буцаан олголттой холбоотой гомдол. Нисэхийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газар (ОАСР) буцаан олголтын шаардлагыг дагаж мөрдөхийн тулд үйлчлүүлэгчдээс гомдол хүлээн авч байна. Шаардлага хангаагүй агаарын тээврийн компаниуд болон тасалбар борлуулагчдад тохирох арга хэмжээ авсаар байгаа. Мөн 2022 оны эхний зургаан сарын байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ирсэн гомдол сар тутамд өссөөр байсан. Тиймээс Тээврийн яам тэдний гомдлын дагуу шалгалт хийж байгаа бөгөөд ялгаварлан гадуурхах бүх хэлбэртэй тэмцэх үүрэг хүлээсэн учир аливаа агаарын тээвэрлэгч Холбооны ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзвэл арга хэмжээ авна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: US Airline Complaints Up 270% From 2019 (simpleflying.com)