ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралд ИНЕГ, ИНҮТ болон харьяа газар, албадын дарга нар оролцлоо. Хурлын эхэнд алба, нэгжүүд өмнөх шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт болон үйл ажиллагааныхаа явцыг танилцуулав.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдрийн шуурхай хуралдаанаар салбарын хуулийн шинэчлэлтийн бүтэц, бүрэлдэхүүн, явцын талаар танилцуулах, Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэхтэй холбогдуулан алба, нэгжүүдийн саналыг хүлээн авч нэгтгэх, дотоод аудит 14 хоног болгон хугацаандаа гүйцэтгэгдээгүй, удаашралтай байгаа ажлуудыг шалгаж, тайлагнах, орон нутгийн нисэх буудлуудын аэродромын гэрчилгээжүүлэх ажлыг шуурхайлах, орон нутгийн нисэх буудлуудын шаардлагатай ажлын байрнаас бусдыг сул зогсолт хийх судалгаа гаргах, ингэхдээ холбогдох хууль журмыг зөрчихгүй байхыг анхаарууллаа.
Мөн Аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалтад анхаарах, гамшгаас шалтгаалсан хохирлын даатгалын авлага барагдуулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжид анхаарах, агаарын тээврийн салбарт үүсээд байгаа хүндрэлтэй холбоотойгоор алба бүр свот шинжилгээ хийх, АБХА-аас норм, нормативын шалгалтыг 14 хоногт дуусгаж, үр дүнг тайлагнах, НААХЗА дээр хийгдэж буй шалгалтуудын үр дүнг танилцуулж байх, Нисэхийн сургалтын төвийн явуулж буй сургалтуудаас суралцагч зайлшгүй биечлэн ирэх шаардлагатай сургалтыг танхимаар хичээллүүлж, бусад сургалтыг цахимаар зохион байгуулах, орон нутгийн нисэх буудлуудын үйлчилгээний үнэ тарифын нарийвчилсан танилцуулга хийх зэргийг холбогдох алба, газрын удирдлагуудад үүрэг болголоо.