Тогтвортой хөгжлийн 169 зорилт бүхий 17 зорилго нь НҮБ-ын гишүүн улс орнуудын нэгдэн орсон бүх нийтийн зорилго юм. 2020 онд Монгол Улсын Их хурлаас дэлхий нийтийн эдгээр зорилгуудтай уялдуулан, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгээ баталсан. Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллага, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгт төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн сайн дурын хөдөлгөөн, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, олон улсын болон хүүхэд, залуучуудын зэрэг байгууллагууд оролцож, тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж байгаа юм.
Иргэний нисэхийн Ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв өнөөдрийн өдөрлөгт оролцож, үйл ажиллагааны зорилго зорилт, санаачлага, туршлагаа иргэдэд танилцуулж байна. Сүхбаатарын талбайн баруун жигүүрт байрлаж буй Зам тээврийн хөгжлийн яамны асарт ИНҮТ-ийн НХҮА-ны Нислэгийн удирдагчид байрлаж, иргэдэд Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг танилцуулан, сонирхсон мэдээллийг нь өгч ажиллаж байна. Уг өдөрлөгт оролцох ажлыг ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газрын хамт олон амжилттай зохион байгууллаа.