Нийтлэгдсэн 2022-09-21

ИНЕГ-ЫН ДАРГА С.МӨНХНАСАН: САЛБАРАА БОГИНО ХУГАЦААНД СЭРГЭЭХИЙН ТУЛД “ХИЛ ХЯЗГААРГҮЙ НИСЭХ” БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

– Өдрийн мэнд хүргэе?

За өдрийн мэнд хүргэе.

– Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд цар тахал, олон улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдал гээд дэлхий нийтээр агаарын тээврийн салбарт нилээд хүнд цаг үе өнгөрч байна. Гэхдээ европын орнуудын хувьд 2022 он гарсаар агаарын тээвэр сэргэлээ. Харин манай улсын хувьд бодит байдал ямар түвшинд байна вэ?

Иргэний нисэхийн салбар Монгол Улсад хөгжил дэвшлийг түүчээлсэн салбар байж ирсэн. Агаарын тээврийн салбарын голлох үзүүлэлтүүд болох зорчигч урсгал, нислэгийн тоо, агаарын тээвэр, иргэний нисэхийн салбараас олж байгаа орлого жил бүр арав орчим хувиар өсөж ирсэн. 2019 оны байдлаар бид Монгол Улс дээгүүр 133 мянган агаарын хөлгийг нисгэж, 320 орчим тэрбумын орлого олж, 156 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж байсан. 2020, 2021 онд энэ орлого 50-60 хувь буурснаас болж улсад төвлөрүүлдэг орлого мөн төдий хувиар буурсан. 2021 оны хувьд хэмнэлтийн горимыг нэлээд хэрэгжүүлсэн. Аль болох ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Ажлын үр дүнд 2021 онд Монгол Улсын төсөвт 122.8 тэрбумыг төвлөрүүлж чадсан. 2022 онд мөн 150 тэрбумын төсвийн орлогыг бүрдүүлэх ёстой ч олон улсад үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалаад манай орны дээгүүр нисэх өнгөрөлтийн нислэгийн тоо огцом буурсанаар бид дахин нэг шалгуурын өмнө тулж ирээд байна. Гэхдээ нөхцөл байдал ийм байна гээд зүгээр суугаад байж болохгүй. Бид салбараа аль болох хурдан эргэн сэргээх зайлшгүй шаардлагатай. Тэгэхийн тулд ИНЕГ-ын зүгээс хэд хэдэн бодлого хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Нэн түрүүнд “Хил хязгааргүй нисэх” гэж бодлогын хөтөлбөр гаргаж байгаа.

– Энэ бодлогынхоо талаар бидэнд танилцуулаач?

“Хил хязгааргүй нисэх” гэсэн бодлого маань дотроо зургаан дэд хөтөлбөртэй.

 Нэгдүгээрт. “Эрүүл эрх зүй” бодлого. Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хууль 1999 онд батлагдсан. Өнөөдрийг хүртэл 5-6 удаа жижиг өөрчлөлт хийсэн болохоос шинэчлээгүй. Тиймээс энэ ондоо багтааж, шинэчлэхээр ажиллаж байгаа. Иргэний нисэхийн салбарын гол эрхзүйн акт буюу “Иргэний нисэхийн багц дүрэм” гэдэг бичиг баримт байдаг. 2005 оноос Шинэ Зеландын иргэний нисэхийн дүрэмд суурилсан дүрэм ашиглаж ирсэн. Одоо шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үйл ажиллагаагаа дүрмийн шинэчлэлтэй уялдуулна. Мөн 2013 онд баталсан “Иргэний нисэхийг хөгжүүлэх 2020 он” бодлогын бичиг баримтын хугацаа дууссан. Тиймээс “Иргэний нисэхийг хөгжүүлэх 2030 он” болгож дахин боловсруулж, батлуулна.

 Хоёрдугаарт. “Чөлөөт агаарын зай” бодлого. Монгол Улсад агаарын зайн багтаамж, нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлье. Монгол Улс дээгүүр нисэн өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлээд ирэхээр навигацийн хураамж, орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.

 Гуравдугаарт. Үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний агаарын тээвэрлэгчдээ нэгдсэн бодлогоор дэмжье. Өнгөрсөн хугацаанд Монголын агаарын тээвэрлэгчид харилцан бие биетэйгээ өрсөлдсөн, гадаад зах зээлийн өрсөлдөөн маш хүнд нөхцөлд явагддаг. Монгол Улсад нислэг үйлдэж байгаа гадны агаарын тээврийн компаниудын тав нь дэлхийн эхний 20-д ордог том агаарын тээвэрлэгчид байдаг. Тиймээс дотоодын агаарын тээвэрлэгчид маань эдгээр том компаниудтай тусдаа биш нэгдэн нийлж, өрсөлдөөнийг бий болгоно. Ингээд ирэхээр билетийн үнэ буурч, үндэсний агаарын тээврийн хөгжил шинэ шатанд гарна гэж төсөөлж байна.

 Дөрөвдүгээрт. Хүнээ хөгжүүлье гэж байна. “Дэлхийн хүн” бодлого хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд иргэний нисэхийн салбар маш олон тэрбум төгрөгийг техник технологийн шинэчлэлд зориулсан байдаг. Харин одоо энэ техник технологийн гол түлхүүр болох хүнээ хөгжүүлье. Мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчнүүдийг бий болгоё. Дотооддоо сургалтын байгууллага бий болгож, салбарын боловсон хүчнүүдийг бэлтгэдэг болохыг зорьж байна.

 Тавдугаарт. Бага оврын агаарын тээвэр, ерөнхий зориулалттай нислэгийг хөгжүүлье. Өргөн дэлгэр газар нутагтай, далайд гарцгүй, мөн тархан суурьшсан, жилийн дөрвөн улирал нь цаг агаарын хүнд нөхцөлтэй, хөдөө аж ахуй, газар тариаланд суурилсан улс орны хувьд ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх маш их хэрэгцээ шаардлага байна. Маш их боломж байна. Тиймээс энэ хүрээнд бага оврын агаарын хөлгүүдийг оруулж ирэх боломж, эрхзүйн орчныг нээж өгнө. 2018 онд Монгол Улсад агаарын хөлөг худалдах хэлэлцээрт нэгдэн орсон. Хэлэлцээрт нэгдэн орсон улс орнууд агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгслийг ямар нэг татваргүй оруулж ирэх үүрэг хүлээдэг. Энэ боломж бололцоог 2021 оны 12-р сард УИХ-аар нээж өглөө. НӨАТ болон Гаалийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад, хүчин төгөлдөр боллоо. Тиймээс Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжүүд иргэний зориулалттай ямар ч төрлийн агаарын хөлөг оруулж ирэхэд ямар нэг татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна. Ингэснээр агаарын хөлгийн тоо нэмэгдэж, үр дүнд нь агаарын нислэгийн тоо, зорчигчийн урсгал нэмэгдэх боломж бүрдэж буй юм.

 Зургаадугаарт. “Сэтгэл татам нисэх буудал” буюу ИНЕГ-ын харьяа болон хувийн нисэх буудлуудыг хөгжүүлье. “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг 15 жилийн хугацаатай Япон улсын менежментээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн “Буянт-Ухаа” нисэх буудлыг Засгийн газрын тогтоолоор олон улсын нөөц нисэх буудал болгосон. Тэр дундаа онцгой тусгай, вип, ерөнхий зориулалтын, сургалт дадлагын нислэгүүдийг хүлээж авах боломж бололцоог нь бүрдүүлж байна. Мөн Чингис хаан олон улсын нисэх буудалтай харилцан уялдаатай ажиллах нөхцлүүдийг хангана. Орон нутгийн нисэх буудлуудыг цаашид хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, олон улсын статустай болгохыг зорино. Ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хөгжлийг шинэ шатанд гаргая гэж байгаа юм. Аялал жуулчлалын бүсэд байгаа нисэх буудлуудад бодлогоор хөрөнгө оруулалт хийж, улирлын чанартай биш жилийн дөрвөн улиралд нислэг хийж байх нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой. Зарим нэг нисэх буудлыг орон нутагт нь шилжүүлнэ. Орон нутгийн засаг захиргаа нь өөрсдөө нисэх буудлуудаа хөгжүүлээд орон нутгийн ард иргэдэд нислэгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 -Энэ бодлогуудыг 2025 он буюу гурван жилийн дотор хэрэгжүүлнэ гэж ойлгож болох уу?

 -Олон зорилго бий. Дийлэнхийг нь 2025 он гэхэд хэрэгжүүлээд дуусгах зорилттой.

– За танд баярлалаа. Амжилт хүсье

 – За баярлалаа

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper