Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн тушаалаар Монгол Улсын Агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий “Аялал жуулчлал, агаарын тээврийн хамтарсан зөвлөл” байгуулагдсан. Зөвлөлийн гуравдугаар уулзалт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр боллоо.
Тус зөвлөлд ЗТХЯ, БОАЖЯ, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, Иргэний Нисэхийн Үндэсний төв, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ, Монголын аялал жуулчлалын холбоо, “МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК, “Дисковер Монголиа”, “Изинис Эйрвэйз” ХХК, “Аэро Монголиа” ХХК, МҮХАҮТ, “Летс Трэвел” ХХК зэрэг агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн байдаг.
Энэ удаагийн уулзалтаар ИНЕГ-аас 2022 оны зуны нислэгийн гүйцэтгэл, Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр, ИНЕГ-аас гаргаж буй “Хил хязгааргүй нисэх 2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөөний “Сэтгэл татам нисэх буудал” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд, нөхөн олговор болон шатахууны үнийг бууруулах шийдэл, шийдлүүдийн тийзийн үнэд үзүүлэх нөлөө, орон нутгийн нислэгийн тийзний үнэ бууруулах боломж, олон улсын нислэгийн суудал ашиглалт зэрэг асуудлаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн ИНЕГ-аас баталсан 2022-2023 оны олон улс болон орон нутгийн нислэгийн өвлийн цагийн хуваарийг танилцууллаа.
Харин “МИАТ” ТӨХК-аас 2022 онд мөрдөгдөж буй “Аялал жуулчлалыг дэмжих тусгай тариф”-ын хэрэгжилт, 2022 онд зах зээлд гаргасан суудлын тоо, 2023 оны зун болон 2023-2024 оны өвлийн цагийн хуваарийн төлөвлөгөө, нислэгийн чиглэл, давтамж, урамшуулалт-индивидуал тарифын талаар мэдээлэл өгсөн юм.
Төгсгөлд нь уулзалтад оролцогсод хамтын ажиллагаагаа дүгнэхээс гадна аялал жуулчлалын бүс нутгууд болох Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнод зэрэг аймгууд руу үйлдэх нислэгийг тогтмол байлгах, шинэ чиглэлд нислэг нээх авиа компаниудад татаас өгч, дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлал, агаарын тээврийн хамтарсан зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлах, “МИАТ” ТӨХК-ийн зарлаж буй групп аялалын зорчигчдын тоог бууруулах зэрэг асуудлуудад санал солилцлоо.