“Иргэний нисэхийн залуучуудын холбоо” /ИНЗХ/-ны Удирдах зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Иргэний нисэхийн салбарын мэргэжлийн залуучуудын байгууллага болох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний агаарын тээвэрлэгчид болон Төр, хувийн хэвшлийн залуучуудын төлөөллийг тус холбооны Удирдах зөвлөлд нэр дэвшүүлж, батламжиллаа. Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар “Изинес Эйрвейс” ХХК-ийн Газрын үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Батцэцэг сонгогдож, ажилдаа орлоо.
Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан холбооны дүрмийг боловсронгуй болгох, гишүүнчлэлийг нээлттэй байлгах, Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулах, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөл, Зам тээврийн салбарын байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Мөн салбартаа ажиллаж байгаа залуус дуу хоолойгоо нэгтгэж, тулгарч байгаа бэрхшээлээ хамтдаа даван туулах, бие биеэсээ суралцах, туршлага, мэдлэгээ солилцох, хөгжлийн гарц шийдлийг эрэлхийлэх, салбар үл харгалзан хоорондоо ойртож нөхөрлөх, нэгдэх, салбарын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх үндсэн зарчмаар ажиллах юм байна.
Дашрамд дурьдахад “Иргэний нисэхийн залуучуудын холбоо” нь 1957 онд тухайн үеийн “Агаарын харилцааны газар”-ын дэргэдэх “Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо” нэртэйгээр анх үйл ажиллагаагаа эхэлж байжээ.