Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан, Монгол улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ч.Гантулга, Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Урантөгс нар Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвд зочлов. Монголын талын төлөөлөгчдийг Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн Ерөнхийлөгч хатагтай Пукканут Макчоу, Нислэг хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга бөгөөд Сургалт эрхэлсэн дэд захирал ноён Пансак Нернсай болон албаны бусад хүмүүс найрсгаар хүлээн авч, албан уулзалт зохион байгууллаа.
Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажлын хүрээнд хийгдсэн тус албан уулзалтаар хоёр тал харилцан ашигтай нөхцлөөр хамтран ажиллах, салбарын хэмжээнд хамтарсан судалгаа шинжилгээ хийх, харилцан туршлага судлах зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр ярилцлаа.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар нислэг хөдөлгөөний менежмент, агаарын навигацийн инженеринг, нисэхийн аюулгүй ажиллагааны удирдлага, агаарын хөлгийн засвар үйлчилгээний болон бүхээгийн ажилтан, нисдэг тэрэгний нисгэгч бэлтгэх зэрэгт хамтран ажиллах боломж нээгдэж, хамтын ажиллагаа илүү өргөжнө гэж харж байна.
1990 оноос хойш Тайландын хаант улсад нисэхийн нарийн мэргэжлээр манай улсаас 80 гаруй хүн суралцаж, Монголын Иргэний нисэхийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Уулзалтын үеэр тус сургалтын төвийн сургалтын анги танхим, тоног төхөөрөмж, материаллаг баазтай танилцаж, нислэг хөдөлгөөний удирдагч мэргэжлээр суралцаж буй Монгол оюутнуудтай уулзан, сурлагын өндөр амжилт хүслээ.