Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.12.07/ боллоо. Хуралдаанд Монгол Улс болон АНУ хоорондын агаарын хэлэлцээрийг танилцуулсан нь дэмжигдлээ.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улс АНУ хооронд агаарын тээврийн хэлэлцээр байгуулснаар шууд нисэх боломж бүрдэнэ. Хоёр тал хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 2024 оноос нислэг үйлдэх болно. 2002 оноос хойш тус хэлэлцээрийг байгуулах саналыг тавьж байсан ч зарим шалтгааны улмаас хойшилж байсан. Шууд нислэг үйлдсэнээр зорчигч урсгалын тоо нэмэгдэж, АНУ-д ажиллаж амьдарч, сурч боловсорч буй Монгол Улсын 50 мянга гаруй иргэний олон жилийн турш тавьсан санал хүсэлт биелэлээ олно.
МИАТ ТӨХК, Монголиан Эйрвейс ХХК, Изинис Эйрвейз ХХК-ууд өнгөрсөн хугацаанд шинээр нэмж 4 онгоцтой болсон тул зорчигч, ачаа тээврийг хэвийн хэмжээнд явуулах бүрэн боломжтой.
Агаарын тээврийн либералчлалын хүрээнд иргэдээ аль болох олон улс руу шууд, хямд нислэгээр явуулах зорилт тавин ажиллаж байгаа.
Нөгөө талаар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан тул тус нислэгээр жуулчид ч их ирнэ. Мөн үүний дараа Австрали, Сингапур улс руу шууд нислэгтэй болгохоор ажиллаж байна.
Хоёрдугаарт, хилийн боомтуудын төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох техникийн нөхцлийг бий болгох, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр болсон. Ингэснээр төмөр замаар тээвэрлэх уул уурхайн бүтээгдэхүүн, экспортын ачааны хэмжээ 30 сая.тонн болж нэмэгдэнэ. Мөн баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ бүхнийг ажил хэрэг болгохоор ажиллана” гэж мэдээллээ.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам