Нисэхийн сургалтын төв ИНЕГ-ын 2022 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 28 төрлийн 116 сургалт зохион байгуулж, нийт 2243 хүнийг хамруулжээ. Эдгээр 28 төрлийн сургалтын 10 нь анхан шатны, 9 нь давтан, 9 нь танилцах буюу мэдлэг олгох сургалт юм. Мөн гадны сургалтын байгууллагад зохион байгуулагдсан 38 сургалтад 347 ажилтан хамрагдсан байна.
Түүнчлэн номын сангаа зөвхөн танхимаар бус цахимаар хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн бөгөөд цахим номын сангийн системд нийт 939 ном бүртгэн оруулсан байна. Нисэхийн сургалтын төв Мэдээллийн аюулгүй байдал технологийн албатай хамтран сургалтын 19 хөтөлбөрийн хүрээнд шалгалтын цахим сан үүсгэж, 635 суралцагчаас шалгалт авсан байна. Тус сургалтын төв хүчин төгөлдөр 96 хөтөлбөртэй. Үүнээс 2022 онд 21 хөтөлбөрийг чадамжид суурилсан багц хөтөлбөрт шилжүүлсэнээс гадна англи хэлний сургалт, TEAP шалгалт, түвшин тогтоох шалгалт, TEAC шалгалтын 14 багц материал боловсруулж, “Simfox” дадлагажуурт нийт 194 үзлэгийн шалгагч хамрагджээ.
Харин 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө “Хил хязгааргүй нисэх-2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөөний “Дэлхийн хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтуудтай уялдуулан ажиллах бөгөөд Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо буюу IATA-ны сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигч болох бэлтгэл ажлыг хангаж, Сингапурын нисэхийн академи, Солонгос Улсын KAU (Korea Aerospace Universitty) нисэхийн их сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан сургалт зохион байгуулах замаар олон улсын сургалтын чиглэл, төрлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллахаар зорьж буй юм.