Нисэх буудлуудын үйлчилгээний газрын харьяа “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь шатахуун хангалтын албаны 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг тус албаны дарга танилцууллаа.
Тус алба 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 31.9 мянган тонн шатахуун татан авч, 2354 удаагийн сумлагаагаар 31.2 мянган тонн шатахууны сумлагаа үйлчилгээ үзүүлсэн байна.
2022 онд хийгдсэн онцлох ажлуудаас дурдвал:
Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан, агаарын хөлгийн түлшний нийлүүлэлт тасалдсан үед холбогдох газрын шийдвэрүүдийн дагуу иргэний нисэхийн нөөц шатахуунаар хангалт хийж, МИАТ ТӨХК-тай гурван удаа, “Монголиан авиэшн фүел” ХХК-тай хоёр удаа гэрээ байгуулж, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулсан бөгөөд иргэний нисэхийн нөөцийг буцаан бүрдүүлсэн байна.
Агаарын тээвэрлэгчидтэй “Агаарын хөлгийн шатахуун хадгалах, ачих, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх” гэрээ, шатахуун ханган нийлүүлэгчидтэй “Агаарын хөлгийн шатахуун хадгалах, ачих, дамжуулан цэнэглэх үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулжээ.
2022 онд ИНЕГ-ын даргын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнөөс тус албанд өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн гүйцэтгэснийг хэллээ. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх гэрээг байгуулж, 4 хүний бүрэлдэхүүнтэй баг хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хэмжилтийг гэрээнд туссан 12 ажлын байруудад гүйцэтгэсэн байна.