ИНЕГ-ын даргын шуурхай хурал боллоо. Хуралд ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба, газруудын удирдлагууд оролцож, 2022 оны сүүлийн 14 хоногийн ажлын тайлан болон ирэх оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилт, арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа. ИНЕГ-ын Дотоод аудитын дарга Б.Мөнх-Очир “Өнгөрсөн онд ИНЕГ-ын даргын шуурхай хуралдаанаас үйл ажиллагааны чиг үүргийн дагуу холбогдох алба, нэгжүүдэд нийт 823 үүрэг даалгавар өгөгдсөнөөс 805 үүрэг даалгаврыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийж хэрэгжүүлсэн байна. Цаашид бүх алба нэгжүүд үүрэг даалгаврын биелэлтийг цаг тухайд нь гүйцэтгэж, хяналт, дүгнэлт хийлгэж ажиллахыг хүсч байна” гэсэн юм.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хэлэхдээ “2022 оны эхний хоёр сар Иргэний нисэхийн салбарт сэргэлтийг эхлүүлсэн боловч хоёрдугаар сард болсон хөрш орны нөхцөл байдлаас үүдэн манай улсын агаарын тээврийн салбар хүнд байдалд орсон хэцүүхэн он байлаа. Гэхдээ бид салбартаа олон шинэ амжилтыг тогтоосон, салбараа хүнд байдлаас гаргахын төлөө хүчээ нэгтгэж зүтгэсэн жил болж өнгөрч байна. Ирэх онд бид одоо байгаагаасаа ч илүү ажиллах ёстой. Он гаргаад менежментийн хувьд хэд хэдэн өөрчлөлтийг хийнэ. Дотоод аудитын даргын өгсөн мэдээллээр алба, нэгжүүдийн гүйцэтгэлийн тайлан болон үүрэг даалгаврын биелэлт өндөр хувьтай гарсанд баяртай байна. Энэ хүнд цаг үед салбараа уналтаас гаргахын төлөө хичээн ажиллаж байгаа хамт олондоо талархаж байна” гэв.