ИНЕГ–ын дарга С.Мөнхнасан 2021 оны арванхоёрдугаар сард алба, салбарын нийт хамт олонтойгоо уулзаж, 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, санал солилцож байсан бол өнөөдөр энэ оны ажлаа тайлагналаа.
Тэрбээр “Энэ онд олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан Монголын төдийгүй дэлхий дахинд агаарын тээврийн салбар хүндрэл бэрхшээлтэй багагүй нүүр тулсан. Иргэний нисэхийн ерөнхий газар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй “Алсын хараа-2050” бодлоготой уялдуулан “Хил хязгааргүй нисэх-2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж ажиллалаа. “Хил хязгааргүй нисэх” бодлого хэрэгжиж эхэлснээр агаарын тээврийн салбар хүндрэлээс гарах, 2030 он хүртэл өмнөө тавьсан том зорилгодоо хүрэх суурь тавигдлаа.
Бид 1999 онд баталсан хуультай явж ирсэн. Бидний боловсруулан хэрэгжүүлж байгаа “Хил хязгааргүй нисэх” бодлогын “Эрүүл эрх зүй” хөтөлбөрт салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тусгасан. Энэ ажлын эхлэл болж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар салбарын бүтэц, зохион байгуулалт боловсронгуй болж, салбарын дунд, урт хугацааны хөгжлийн стратегитай уялдсан, хөгжлийг шинэ шатанд хүргэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж бид харж байгаа.
Монгол Улс агаарын зайн 80 хувиа шинэчлэж, эдийн засгийн үр өгөөжтэй, чиг шулуун шинэ агаарын замуудаа ашиглаж эхэлснээ дэлхий нийтэд зарлалаа. Ингэснээр 2030 он гэхэд нийт нислэгийн тоо жилд 500 мянгад хүргэх зорилгын эхлэл тавигдсан. Агаарын навигацийн үйлчилгээнд ашиглах радио холбоо, мэдээллийн тоног төхөөрөмжийн цогц шинэчлэлт хийж, интернетэд суурилсан хамгийн сүүлийн үеийн технологид шилжлээ. Говь-Алтай аймагт 2 ширхэг автомат хамааралтай ажиглалтын систем, 1 ширхэг агаар газрын дуун холбооны станц суурилуулснаар Монгол Улсын агаарын орон зайг 98%-ийг ажиглалтаар хянадаг боллоо.
Мөн Үндэсний агаарын тээвэрлэгчдэд энэ онд 30 чиглэлд нислэг үйлдэх томилгоо шинээр олгосноор ирэх онд манай үндэсний агаарын тээвэрлэгчид дэлхийн 23 орны 100 хот руу нислэг үйлдэх боломжтой боллоо. Онцолбол 2024 оноос АНУ-руу шууд нислэг үйлдэж эхлэхээр бэлтгэл хангагдаад явж байна. Түүнчлэн Монгол Улс энэ жил 13 агаарын хөлөг хүлээн авсныг онцлох нь зүйтэй.
2022 он салбарын хүний нөөцийг нэмэгдүүлж, шинэ боловсон хүчин бий болгохоор олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулсан жил байлаа. Олон улсын байгууллагууд, тэр дундаа нисэхийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудтай хамтран нисгэгч, онгоцны инженер, техникийн ажилтнуудыг гадаад болон дотооддоо бэлтгэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон алхамуудыг хийлээ.
Ирж буй 2023 он “Хүний хөгжлийн жил” байх болно. Ирэх онд агаарын тээврийн салбар хүндрэлтэй нөхцөл байдлаас гарч, манай улсыг зорих жуулчдын тоо болон өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Энэ ачааллыг авахын тулд бид салбарын хүний нөөц, боловсон хүчнээ маш өндөр түвшинд сургах зайлшгүй шаардлага байгаа. Бид салбартаа шаардлагатай нарийн мэргэжлийн хүмүүсээ сургах судалгаагаа хийж, сууриа тавьчихлаа. Ирэх онд үүнийг ажил хэрэг болгож, хүнээ хөгжүүлсэн жил байх болно.
Сүүлийн жилүүд дэлхий нийтийн хамарсан цар тахал, олон улсын нөхцөл байдлаас үүдээд агаарын тээврийн салбар хаа хүртэл унахаа мэдэхгүй он жилүүд байлаа. 2022 онд агаарын тээврийн салбар болон агаарын тээвэрлэгч компаниуд маань хөл дээрээ бослоо. Ирэх жилүүдэд урагшаа алхах, гүйх он жилүүд байна гэдэгт итгэж байна. Үүнд та бидний бүгдийнх нь хичээл зүтгэл хэрэгтэй. Хүндрэл бэрхшээлтэй багагүй нүүр тулсан ч нэг сэтгэл зүтгэлээр салбараа хөл дээр нь босгож чадсан хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхнийхээ шинэ оны ажил үйлсэд өрнүүд их амжилт, амьдрал, гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.