Иргэний нисэхийн ерөнхий газар нь зорчигч болон ачаа тээврийн арилжааны нислэгт ашиглах агаарын хөлгийг хуурай болон нойтон түрээсээр түрээслэх, түрээслүүлэх үйл ажиллагааг ИНД-119 /Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт/, ИНД-131 /Агаарын хөлгийн түрээс/ ИНД-121 /Том нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа/ дүрмүүдээр зохицуулдаг.
Агаарын тээвэрлэгчид агаарын хөлгийг арилжааны нислэгт түрээсээр ашиглах эхлэхийн өмнө ИНЕГ-аас ажлын хэсэг томилж батлагдсан удирдамжийн дагуу Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар, Нислэгийн стандарт үйл ажиллагаа, Нисэх бүрэлдэхүүний үнэмлэх зэрэглэл, Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтаны үнэмлэх, Агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрийн хэрэгжилт, Агаарын хөлгийн бататгах нислэг зэрэг чиглэлээр үзлэг шалгалт гүцэтгэж, хяналт тавин ажилладаг.
“Монголиан Эйрвэйз Карго” ХХК нь MSN 4692 үйлдвэрлэгчийн серийн дугаартай А320-200 маягийн агаарын агаарын хөлгийн Бататгах нислэгийн хөтөлбөрийг ИНД-121.57 /Нисэх онгоцны бататгах нислэг/ дүрмийн заалтын дагуу ИНЕГ-аар баталгаажуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нисгэгч, агаарын хөлгийн инженер байцаагч нар мэргэжлийн чиглэлээр 4 удаагийн нислэгээр нийт 50 цагийн зорчигчгүй болон арилжааны ачаа тээвэргүй бататгах нислэг үйлдсэн. Үйлдэгдсэн нислэгийн хүрээнд тус компаний нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэх багийн ур чадвар хангалттай түвшинд байгааг харгалзан “Бататгах нислэгийн хөтөлбөр”-ийн үлдсэн нислэгийг нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн хяналт дор зорчигчтой үргэлжлүүлэн гүйцэтгүүлж байна.
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА