ОХУ-ын агаарын тээвэрлэгч “ИрАэро” (JSC “IRAERO AIRLINES”), “КрасАвиа” (JSC “KRASAVIA”), “Аврора” (JSC “AURORA AIRLINES”) компаниуд нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас Иргэний нисэхийн дүрэм ИНД-129-н шаардлагуудын дагуу амжилттай гэрчилгээжиж, өнөөдөр ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяагаас Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээ гардан авлаа.
Үүгээр агаарын тээвэрлэгч “ИрАэро” ХК SSJ-100, RRJ-95B, RRJ-95LR-100, CRJ-200LR маягийн агаарын хөлгөөр Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлд, “КрасАвиа” ХК ATR 42-500, ATR72-212 маягийн агаарын хөлгөөр Красноярск-Улаанбаатар-Красноярск чиглэлд , харин “Аврора” ХК Airbus A319 маягийн агаарын хөлгөөр Хабаровск-Улаанбаатар-Хабаровск чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж байгаа бөгөөд мөнхийн хөрш хоёр орны ард түмнүүд хоорондын агаарын гүүрийг нэмж, гадаад болон агаарын харилцаа, аялал жуулчлал, харилцан ашигтай арилжааны үйл ажиллагааг улам өргөжүүлэх юм.
ИНД-129 нь Монгол Улс дотор үргэлжилсэн 28 хоногт 2-оос дээш хөөрөлт эсвэл буулт үйлдэх, эсвэл Монгол Улс дотор үргэлжилсэн 365 хоногт 8-аас дээш хөөрөлт, эсвэл буулт үйлдэх гадаадын агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны стандарт, шаардлагыг тогтоодог дүрэм юм.