Улаанбаатараас Ойрхи дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу хурдан шуурхай зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой боллоо. Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх хоёр Улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болох юм. Тухайлбал, Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, зуны улиралд 50-60 градус хүрч халдаг Арабын орнуудаас Монголын сэрүүн зунаар амрах боломжууд нээгдэнэ гэж харж байна. Дэлхийд агаарын тээврийн үйлчилгээгээрээ нэгдүгээрт ордог Катар Эйрвэйзээр Монголчууд үйлчлүүлнэ. Ийнхүү Монгол Улс 40 дэх улстайгаа агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.
Нийтлэгдсэн 2023-03-09