ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд Ч.Мөнхтуяа дарга өнгөрөгч пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын Иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэг болон 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн баталснаар манай улс Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын гишүүний үүргээ биелүүлсэн гэдгийг онцоллоо. Хуралдаанд оролцсон алба, салбар нэгжийн дарга нартай дотоод асуудал хэлэлцэж, санал солилцоод дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Тухайлбал,
– ИНЕГ-ын 2023 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэгдүгээр улирлын биелэлт хангалтгүй байгаад бүх алба нэгжүүд анхаарах;
– Агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөлийн төлөвлөгөөний биелэлтэд анхаарах;
– ИНЕГ-ын даргын зөвлөлийн төлөвлөгөөг энэ сарын 31-ний дотор гаргаж, батлуулах;
– Агаарын тээвэрлэгчдэд олгох томилгооны дүрмийн талаар агаарын тээвэрлэгчидтэй санал солилцох;
– “Шүүр ажиллагаа”-тай холбоотой АТГ-аас ирүүлсэн албан бичигт анхаарч, биелэлтийг хангаж ажиллах;
– Албан бичгийн хугацаа хэтрүүлэхгүй байхад анхаарах зэргийг холбогдох алба, нэгжийн дарга нарт үүрэг болголоо.
Иргэний нисэхийн Ерөнхий газар 2023 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2023 онд ИНЕГ 69 дотоод сургалтад 336 ажилтан хамруулна. Дотоод сургалтад нийт 79 сая 985 мянган төгрөгийн төсөв батлагдсаныг хуралдааны үеэр танилцууллаа.