Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан, Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга С.Нацагдорж нар орон нутгийн 16 нисэх буудлын дарга нартай цахим хурал хийлээ. Орон нутгийн нисэх буудлын удирдлагууд нисэх буудлын үйл ажиллагаа болон техник, тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн явагдаж байгааг хэллээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг дахь “Өлгий” нисэх буудал долоо хоногт 2 удаа, Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудал долоо хоногт 1 удаа, Ховд аймаг дахь “Ховд” нисэх буудал долоо хоногт 3 удаа, Завхан аймаг дахь “Отгонтэнгэр” нисэх буудал 7 хоногт 1 удаа, Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудал 7 хоногийн 6 өдөр буюу өдөрт 3-4 нислэг үйлдэж байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад 12 нисэх буудал хэсэгчилсэн сул зогсолтын горимоор ажиллаж байна.
Орон нутаг дахь хөөрөлт, буултын тоо энэ оны эхний улирлын байдлаар 1750 буюу өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн нислэгийн зорчигчийн тоо өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсжээ.
ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Монголд зочлох жилийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудад хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Тэрбээр “Монголд зочлох жилийн хүрээнд энэ зун орон нутагт жуулчин, тээвэр нэмэгдэх төсөөлөлтэй байна. Ихэнх нисэх буудлууд сул зогсолтод байгаа ч нислэг эхлэхэд бэлэн байх ёстой. Тиймээс орон нутгийн нийт нисэх буудлууд цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй. Мөн шар усны үер болон галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүл” гэлээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд явагдах мод тарих ажиллагаанд нисэх буудлууд идэвхтэй оролцож, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, түргэн шуурхай ажиллахыг үүрэг болголоо.
Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан энэ зун орон нутгийн нислэг эрчимжих хандлагатай байгаагаас гадна орон нутгийн нисэх буудлууд харилцан уялдаатай ажиллаж, агаарын хөлгүүд хүлээн авахад бэлэн байгаа учраас тавдугаар сарын 1-ний өдрөөс орон нутгийн нисэх буудлуудын сул зогсолтыг зогсоох санал гаргалаа. Иргэний нисэхийн үндэсний төв нисэх буудлуудын үйлчилгээг тэлж, нисэхийн болон нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх талаар томоохон судалгаанууд хийж эхэлсэн байна.
Орон нутгийн нисэх буудлуудын удирдлагуудын зүгээс зуны нислэгийн цагийн хуваарьт анхаарч ажиллах зэрэг саналуудыг хэллээ. Мөн хурлын үеэр хэсэгчилсэн сул зогсолтод байгаа нисэх буудлуудын ажилтнуудаас ачаалал ихтэй байгаа нисэх буудлууд руу сэлгэн ажиллуулах талаар санал гарлаа.