Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөл БНСУ-ын Сансар Судлалын Их Сургууль /KAU/-тай хамтарсан цахим уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, Нисэхийн Сургалтын төвийн дарга Б.Урантөгс, Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгалан, Захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Батчимэг, АТБЗГ-ын мэргэжилтэн У.Энхриймаа нар оролцсон бол БНСУ-ын талаас Сансар Судлалын Их Сургууль /KAU/-ийн элсэлт хариуцсан декан Доктор. Ан Жүн Сон, Нислэгийн сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ахмад. Ким Ин Гюу, Элсэлтийн Оффисын багын ахлах Со Дун Бун, Нислэгийн сургалтын төвийн багын ахлах Шин Сын Вон, Олон Улсын асуудал хариуцсан менежер Жун Жи Хүн нарын төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү уулзалтаар KAU нь нисэх ба сансрын салбарын тусгай боловсрол болон сургалтуудаа өргөжүүлэх тал дээр Монгол Улстай хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн тус сургуулийн зүгээс нисэхийн аюулгүй байдал, менежмент зэрэг мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэх, мэргэжлийн практик сургалт, түүний дотор нисгэгчдийн сургалт, АТС сургалт, засвар үйлчилгээний сургалт, бүхээгийн багийн сургалт зэргийг багтаасан бакалавр, магистр, докторын зэрэг олгох хөтөлбөр боловсруулах гэх мэт ажлуудыг хийж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх ажилд урт хугацаанд хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Хоёр тал дараагийн уулзалтаар Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.
Иймээс ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газраас тус сургуульд иргэний нисэхийн салбарт хэрэгцээ шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, одоо ажиллаж байгаа ажилтнуудыг мэргэшүүлэх, магистр, докторт суралцуулах чиглэлээр судалгаа хийж, хамтран ажиллах санал боловсруулахаар болсон юм. Мөн Нисэхийн сургалтын төвөөс иргэний нисэхийн салбарт хэрэгцээ шаардлагатай байгаа хүний нөөцийн судалгааг хийсэн бөгөөд уг судалгаагаар нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, агаарын хөлгийн техникч, аэродромын инженер, аюулгүй ажиллагааны удирдлагын мэргэжилтэн, иргэний нисэхийн хуульч гэх мэт 10 гаруй мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг тогтоожээ. Тэгвэл “Korea aerospace university”-тэй хамтын ажиллагааны санамж байгуулсанаар эдгээр мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх боломж нээгдэх юм.