“Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа эхэлснээс хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд тус нисэх буудлын бүртгэлийн цэг, хилийн хяналтын цэг болон олон улсын ирэгчийн танхимын тээш тараах цэгт ачаалал үүсэж, зорчигчдоос гомдол ирж байсан. Харин тус нисэх буудлын зүгээс нэвтрүүлэх чадамж, зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал:
2022 оны зуны Олон улсын тогтмол нислэгийн цагийн хуваарьт зохицуулалт хийсэн бөгөөд энэ нь олон улсын бүртгэлийн цэгийн ачааллыг харьцангуй багасгасан байна. Мөн олон улсын хуваарьт нислэг үйлдэж буй агаарын тээвэрлэгчидтэй цагийн хуваарийн зохицуулалтын талаар хамтран ажиллаж, зохицуулалт хийснээр бүртгэлийн цэг, хилийн хяналтын цэгийн ачааллыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой юм.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь олон улсын ирэгчийн танхимын тээш түгээх туузан дамжуургыг өргөтгөх ажлын зургийг 2022 онд боловсруулан батлуулсан бөгөөд нэмэлт төхөөрөмжийг 2023 оны 4 дүгээр сард багтаан оруулж ирж, 6 дугаар сард суурилуулалтын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэснээр зорчигчийн тээшийг тараахад үүсдэг ачаалал багасах, зорчигч тээшээ аваад ирэгчийн танхимаар дамжин өнгөрөх хугацаа богиносох ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 228 дугаар тогтоолоор “Олон улсын хилийн боомтод хүний биеийн давхцахгүй өгөгдлийг таних цахим гарц, зорчигч өөрийгөө бүртгүүлэх төхөөрөмжийг нэвтрүүлж, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй шуурхай болгох” гэж тус тус заасан байдаг. Уг тогтоолын хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн хяналтын цэгт цахим гарцыг суурилуулах ажил хийгдэж байгаа бөгөөд 2023 оны 6 дугаар сард багтаан төхөөрөмжийг суурилуулан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү төхөөрөмж ашиглалтад орсноор зорчигч хилийн хяналтаар нэвтрэхдээ гадаад паспортыг машинд уншуулан хүний оролцоогүйгээр 30 секундийн дотор хилээр нэвтрэх боломжтой болох бөгөөд хилийн хяналтын цэгт үүсэх ачаалал буурах, зорчигчийн сэтгэл ханамж дээшлэх чухал ач холбогдолтой юм.
Мөн Иргэний нисэхийн ерөнхий газраас нисэх буудлын ачааллыг бууруулах чиглэлээр холбогдох судалгааг тогтмол хийж ажиллаж байгаа бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын стандарт, зөвлөмжүүд, Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны заавар, журмуудыг хэрэгжүүлэх хүрээнд нисэх буудлууд, агаарын тээвэрлэгчид, хилийн хяналтын байгууллагуудаас бүрдсэн байнгын ажиллагаатай “Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөл”-ийг 2012 онд байгуулан хамтран ажиллаж байна.