Засгийн газрын 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолын 3-д “Авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах”-ыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг. Энэ хүрээнд ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” сургалт арга хэмжээнд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа оролцож, энэ онд ИНЕГ-аас авлигатай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын танилцуулга хийлээ. ИНЕГ нь 2023 онд Төрийн үйлчилгээг иргэдэд болон холбогдох байгууллагад хүнд суртал чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, Байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, Дотоод хяналтын чиг үүргийг төлөвшүүлэх, Авлигыг үл тэвчих ёс зүйг төлөвшүүлэх, Хууль тогтоомжийн биелэлтийг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг зургаан зорилтын хүрээнд цогц ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, Үйлчлүүлэгчээс авлигын эрсдэл, үйл ажиллагааны хүндрэл бэрхшээлийг тодорхойлох сэтгэл ханамжийн судалгаа авч, судалгааны дүгнэлтэд тулгуурлаж арга хэмжээ зохион байгуулах, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас олгож буй тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх, нийтээр дагаж мөрдөж буй эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийж, хүнд суртал үүсэж буй зохицуулалтыг засаж залруулах, дотоод хяналтын тогтолцоог оновчтой болгох, хяналт шалгалтын мэдээллийг олон нийтэд хуулийн хүрээнд нээлттэй байлгах, зөрчлийг арилгуулах, зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг мэдээлэх, албан хаагчдыг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ёс зүйн сургалтад хамруулах, ХАСХОМ гаргадаг үүрэг бүхий албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд, давхар ажил эрхлэлтийн судалгааг гаргах, албан тушаалтанд тавьсан 14 хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлэх, эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээг шинэчлэн тогтоож, албан хаагчийн ажлын байрыг сэлгүүлэх, шат дамжлагыг багасгах арга хэмжээ авах зэрэг ажлуудыг шат дараалалтайгаар өрнүүлэхээр төлөвлөжээ.
Энэ удаагийн “Мэдээллийн цаг” арга хэмжээнд ИНЕГ, ИНҮТ-ийн салбар газар, нэгжийн ажилтнууд танхимаар болон цахимаар идэвхтэй оролцлоо.