“МИАТ” ТӨХК Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэнэ
Монгол Улс болон Катар улсын хоорондын “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн баталлаа.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгч компаниуд шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх бөгөөд аялал жуулчлал, бизнес, худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжих өргөн боломж бий болж байгааг Иргэний Нисэхийн Ерөнхий Газар онцолж байна.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Дохагийн чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдоод байгаа юм. Ингэснээр Улаанбаатар хотоос Ойрх Дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу зорчигч, ачаа тээвэрлэх, мөн монголчууд “Qatar Airways”-ээр үйлчлүүлэх боломжтой болж байна.
Өнөөдрийн байдлаар “Qatar Airways” 90 улсын 150 чиглэлд нислэг үйлдэж байгаа бөгөөд 2022 онд тус компаниар 18.5 сая зорчигч үйлчлүүлж, 2021-2022 оны санхүүгийн жилд 5.6 тэрбум риал буюу 1.54 тэрбум ам.долларын цэвэр ашиг олж, дээд амжилт тогтоожээ.
Түүнчлэн Монгол Улс “Qatar Aeronavigation Academy”-тай хамтран ажиллах боломжтой болж байгаа аж. “Qatar Aeronavigation Academy” нь нисгэгч, нисэх онгоцны засвар үйлчилгээний инженер, нислэгийн удирдагч, цаг уурч, нисэх онгоцны буудлын ашиглалтын удирдлагын ажилтан, аюулгүй байдал, цагаачлалын ажилтнуудад зориулсан, мөн IDP IELTS-ийн сургалт зохион байгуулдаг байна.
Эх сурвалж: BLOOMBERG TV MONGOLIA