Монгол Улсын Ерөнхийлөгч “Нэгдсэн Үндэстний Байгууллага”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улс дэлхийн хүнсний хангамж, НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулахыг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг түшиглэн байгуулах хүсэлтийг илэрхийлсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт ч Монгол Улс НҮБ-ын системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийг цохон тэмдэглэж, бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Дээрх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газрын холбогдох удирдлагууд НҮБ-ын Гамшгийн Эрсдэлийг Бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга Марко Тоскано Ривалтатай НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн хариу арга хэмжээний төв байгуулах талаарх уулзалтыг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа.
Тус уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, ЗХТЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Лувсан-Одсэр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл, ИНЕГ-ын АННББЗГ-ын Төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн дарга Б.Энх-Амгалан, Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Хурандаа Ч.Ариунаа нар оролцлоо.
“Нэгдсэн Үндэстний Байгууллага”-ын Гамшгийн Эрсдэлийг Бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга Марко Тоскано-Ривалта Хүмүүнлэгийн тусламжийн хариу арга хэмжээний төв байгуулах судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, дотоодын чадавхыг сайжруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.