“Жайка”-ийн сургалт төгсөгчдийн холбооноос Иргэний нисэхийн ерөнхий газартай урт хугацаанд хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Тус гэрээний дагуу Нисэхийн түүхийн музей, Жаргалантын ам болон “Буянт-Ухаа төгөл”, Төв аймаг дахь “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал, нисэх буудлын тууш зам дагуу мод тарих ажилд хамтрахаар боллоо. Хоёр тал гэрээнд гарын үсэг зурахаар уулзах үед Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ИНЕГ-ын үйл ажиллагааны талаар танилцуулсан. Энэ үеэр тэрээр ИНЕГ-ын харьяа салбар нэгжийн хоёр мянга гаруй ажилтан, 800 орчим ахмадтайгаа мод тарих хөдөлгөөнийг дэмжин 100 мянган мод тарьж ургуулахаар зорьж байгаа. Мөн ИНЕГ-ын дэргэдэх Ахмадын холбоонд харьяалагддаг ахмад мод үржүүлэг бий болгон, ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг талаар дурьдаад орон нутгийн нисэх буудлуудад мөн мод тарьж, цаашид арчилж ургуулах бүрэн боломжтойг онцолсон. Харин “Жайка”-ийн сургалт төгсөгчдийн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар ИНЕГ-тай хамтран ажиллахдаа тун таатай байгаагаа онцлон тэмдэглэлээ. Мөн Хөшгийн хөндийн нисэх буудалд “Жайка”-ийн сургалт төгсөгчдийн холбооны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг бий болгон, жил бүр тэндээ мод тарьж, жил болгон тарих модны тоог нэмэгдүүлэн, ногоон орчныг хамтдаа бий болгохыг зорьж байгаагаа илэрхийллээ.