Төсөл
НИСЭХ БАГИЙН ГИШҮҮНИЙ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛТОД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
1. Эрх зүйн үндэс
1.1 “Нисэх багийн гишүүний гэрчилгээ олголтод хяналт тавих журам”-ыг Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын Хавсралт 9 “Хялбаршуулах”, ICAO Document 9303 “Машинаар уншигдах аяллын баримт бичиг”-ын стандарт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Агаарын тээврийг хялбаршуулах журам” болон бусад холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулсан болно.
2. Нэр томьёо
2.1 Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1 “нисэх багийн гишүүний гэрчилгээ” /цаашид НБГГ гэх/ гэж нисэх багийн гишүүдийг улсын хилийн цахим гарцаар нэвтрэхэд шаардагдах аяллын баримт бичгийг;
2.1.2 “агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ” гэж
2.1.2.1 ИНД-119 болон ИНД-135-ын хувьд, шугамын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, эсхүл ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг; эсхүл
2.1.2.2 ИНД-121 болон ИНД-125-ын хувьд, шугамын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг;
2.1.3 “нисэх багийн гишүүн” гэж нислэгийн хугацаанд агаарын хөлөгт үүрэг гүйцэтгүүлэхээр агаарын тээвэрлэгчээс томилсон этгээдийг.
3. Зорилго
3.1 Энэхүү журмын зорилго нь 1.1-д дурдсан эрх зүйн баримт бичгийн хүрээнд НББГ-г тохирох зөв хүнд олгоход тавигдах шаардлага, хяналт, эрх үүрэг, хариуцлагыг тогтооход оршино.
3.2 Иргэний нисэхийн ерөнхий газар /цаашид “Ерөнхий газар” гэх/ нь НБГГ-г тохирох зөв хүнд олгоход хяналт тавих үүрэгтэй.
3.3 Агаарын тээвэрлэгч нь НБГГ-г хэвлэх, ашиглах, бүртгэлжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү журамд заасан аливаа нөхцөлийг дагаж мөрдөнө.
3.4 НБГГ-г олон улсын нислэгт үүрэг гүйцэтгэж буй нисэх багийн гишүүдийг хүлээн авах улсаас зөвшөөрсөн түр хугацаанд визгүй нэвтрэх зорилгоор олгох бөгөөд уг гэрчилгээ нь гадаад паспортын хамт хүчин төгөлдөр болно.
4. Хамрах хүрээ
4.1 Нислэгийн хугацаанд агаарын хөлөгт үүрэг гүйцэтгэх дараах ажилтнууд НБГГ авах хүсэлт гаргана. Үүнд:
4.1.1 нисэх багийн гишүүн;
4.1.2 бүхээгийн ажилтан;
4.1.3 нислэгийн диспатчер;
4.1.4 агаарын хөлгийн ачаалал хяналтын ажилтан /агаарын хөлгийн ачаалал төлөвлөлтийн ажилтан;
4.1.5 агаарын хөлгийн засвар үйлчилгээний ажилтан;
4.1.6 нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч;
4.1.7 нислэгийн үед тусгай үүрэг гүйцэтгэж буй бусад ажилтнууд.
5. НБГГ олгоход тавих шаардлага
5.1 НБГГ олгоход дараах баримт бичгийг шаардана. Үүнд:
5.1.1 Өргөдөл гаргагч нь тухайн байгууллагад ажилладаг болон заасан албан тушаалын шаардлагыг хангасан гэдгийг тодорхойлсон агаарын тээвэрлэгч байгууллагын албан хүсэлт;
5.1.2 Зохих ёсоор бөглөсөн НБГГ хүсэх өргөдлийн маягт;
5.1.3 Хүчинтэй гадаад паспортын хуулбар;
5.1.4 Үнэмлэхийн зураг;
5.1.5 Иргэний үнэмлэхийн хуулбар;
5.1.6 Ажлын газрын үнэмлэхийн хуулбар;
5.1.7 НББГ-г сунгах тохиолдолд хугацаа дууссан гэрчилгээ.
5.2 Өргөдөл гаргагч нь Хавсралт 2-д үзүүлсний дагуу НБГГ-ний өргөдлийн маягтыг бөглөнө.
5.3 НБГГ олгох ажилтанд дараах техникийн шаардлагыг тавина.
5.3.1 Нисэх багийн гишүүн
– маягийн зэрэглэлийн хүчинтэй гэрчилгээ бүхий нисгэгчийн үнэмлэхтэй байх;
– эрүүл мэндийн хүчинтэй гэрчилгээтэй байх.
5.3.2 Бүхээгийн ажилтан
– хүчин төгөлдөр ур чадварын үнэмлэхтэй байх;
– эрүүл мэндийн хүчинтэй гэрчилгээтэй байх.
5.3.3 Нислэгийн диспатчер
– нислэгийн диспатчерийн сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх;
– агаарын тээвэрлэгчээс үйл ажиллагаа явуулах эрх олгосон зөвшөөрөлтэй байх.
5.3.4 Агаарын хөлгийн ачаалал хяналтын ажилтан /Load controller/
– ачаалал хяналтын үйл ажиллагааны гадаад болон дотоодын сургалтад хамрагдсан байх;
– зорчигч тээврийн агаарын хөлгийн маягт тохирох ачаалал төлөвлөлт хийх зөвшөөрөлтэй байх.
5.3.5 Агаарын хөлгийн ачаалал төлөвлөлтийн ажилтан /Load master/
– ачаалал төлөвлөлтийн мэргэшүүлэх гадаад болон дотоодын сургалтад хамрагдсан байх;
– зорчигч тээврийн агаарын хөлгийн маягт тохирох ачаалал төлөвлөлт хийх зөвшөөрөлтэй байх.
5.3.6 Aгаарын хөлгийн засвар үйлчилгээний ажилтан
– ИНД-ийн дагуу холбогдох агаарын хөлгийн зэрэглэлээр батлагдсан агаарын хөлгийн засвар үйлчилгээний ажилтны хүчинтэй үнэмлэхтэй байх (AMEL).
5.3.7 Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
– ИНД-ийн дагуу холбогдох чиглэлээр гэрчилгээжсэн үнэмлэхтэй байх;
5.4 НБГГ-г баталгаажуулах үйл явц нь Ерөнхий газраас тавьсан шаардлагад нийцсэн байх бөгөөд гэрчилгээ олгохоос өмнө тухайн ажилтны анкет шалгалт болон ажил эрхлэлтийн байдлыг шалгасан байна.
6. НБГГ-ний загвар
6.1. НБГГ-г ICAO Document 9303 “Машинаар уншигдах аяллын баримт бичиг”-ийн 5 дах хэсэгт заасан стандартад нийцүүлэн хэвлэнэ.
7. Хяналтын үйл ажиллагаа
7.1. Ерөнхий газар нь агаарын тээвэрлэгчийн НБГГ-г олгох үйл ажиллагаанд дараах хяналтыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
7.1.1. гэрчилгээ олголт, түүнд тавих хяналтыг гүйцэтгэхэд холбоотой бүртгэл, өгөгдөл болон бусад материалыг шалгах;
7.1.2. бүртгэл, өгөгдөл болон бусад материалын шаардлагатай хувь, эсхүл хуулбарыг авах;
7.1.3. НБГГ хүсэж буй өргөдөл гаргагчаас тайлбар авах;
7.1.4. холбогдох байгууламж болон үйл ажиллагааны бүсэд нэвтрэх;
7.1.5. аудит, шинжлэн шалгалт, үнэлгээ, үзлэг шалгалт болон гэнэтийн шалгалтыг хийж гүйцэтгэх;
7.1.6. зохих албадлагын арга хэмжээ авах.
8. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн үүрэг
8.1. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь НБГГ олгох, баримт бичгийн аюулгүй байдлыг хангах талаар хяналт тогтоох журамтай байна. Журамд дараах зохицуулалтыг тусгана. Үүнд:
8.1.1. НБГГ-г хэвлэлтэд өгөхөөс өмнө гэрчилгээ дээрх хувийн мэдээллийг хянах, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах;
8.1.2. Түдгэлзүүлсэн, хураагдсан, хүчинтэй хугацаа дууссан НБГГ-г бүртгэж, устгалд оруулна. Эдгээр бичиг баримтыг зөвшөөрөлгүй хүн нэвтрэх боломжгүй нөхцөлд аюулгүй байдлыг нь хангаж, цахим хэлбэрээр хадгалах;
8.1.3. Цахим мэдээллийн санд хадгалагдсан хувийн мэдээллийг НБГГ олгохоос бусад зорилгоор ашиглахыг хориглох;
8.1.4. НБГГ-ний картын бэлдцийг жагсаалтад заагдсан зөвхөн эрх бүхий ажилтан нэвтрэх газар хадгалах;
8.1.5. Хэвлэлтийн алдаа болон ашигласан хоосон картуудыг үнэт цаасны хяналтын баримт бичигт бүртгэж, зохих засвар оруулах.
8.2. Агаарын тээвэрлэгч нь НББГ-г хуурамчаар хэвлэх боломжийг хязгаарлах зорилгоор уг гэрчилгээг олгох эрх бүхий ажилтнуудын жагсаалтыг гаргаж баталгаажуулсан байна.
8.3. Агаарын тээвэрлэгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
– анкет шалгалт хийх;
– НБГГ олгох үүрэг бүхий ажилтны буруугаас алдаатай гэрчилгээ олгогдсон тохиолдолд хуулийн болон захиргааны хариуцлага хүлээх.
8.4 НБГГ-г хэвлэх байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулах ба уг байгууллагад Ерөнхий газраас үе шаттайгаар хяналт тавихад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.
8.5 НБГГ-г 3 жил хүртэл хугацаагаар олгоно.
8.4. НБГГ эзэмшигч нь зөвхөн олон улсын нислэгт үүрэг гүйцэтгэх үедээ хүчин төгөлдөр бүхий НБГГ-г гадаад паспортын хамт биедээ авч явах үүрэгтэй.
9. Хүчин төгөлдөр болох
9.1. Энэхүү журмыг Ерөнхий газрын дарга баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөнө.
9.2. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын Хавсралт 9 “Хялбаршуулах”, ICAO Document 9303 “Машинаар уншигдах аяллын баримт бичиг” болон “Агаарын тээврийг хялбаршуулах журам” зэрэг баримт бичгүүдэд орсон холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр энэхүү журамд тусгана.
— o0o —
Журмын төсөлд ирүүлэх саналыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд авна.
Санал хүлээн авах цахим хаяг: zolzaya.p@mcaa.gov.mn; badmaarag.kh@mcaa.gov.mn
Холбоо барих утас: 7128-2212; 7128-2205