Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх уриатай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Үндэсний чуулганд УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл бүхий 800 гаруй зочид төлөөлөгчид оролцов.
Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үг хэлэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар баримталж буй терийн бодлого нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгоход чиглэсэн.
Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлан аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг урт хугацаанд төлөвлөн ажиллаж байна. Манай улсад хөдөлмөрчин хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн хууль эрх зүйн орчин зохих ёсоор бий болсон ч үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоо төдийлөн буурахгүй байна. Иймд хөдөлмөрийн харилцаанд оролцож буй ажил олгогч, ажилтан хүн бүр ХАБЭА-н тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, учирч болзошгүй аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж ажиллах зүй ёсны шаардлага тулгараад байна.
Бидний өнөөдрийн зохион байгуулж буй чуулганы зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, осол, эндэгдэл гаргахгүй байх арга хэлбэрийг тодорхойлж, хамтын хүчээ нэгтгэх явдал юм. Иймд хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангуулахад хөдөлмөрийн хяналтыг эрчимжүүлж, хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу нийгмийн түншлэлийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоодын хяналтыг сайжруулахад бүх түвшинд анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй.
Мэргэжлийн хяналтын байгууллага салбарын хяналт болж өөрчлөгдсөн тул хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг шинэ түвшинд хүргэх, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын тоог нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах зэрэг арга хэмжээнүүдийг судалж шийдвэрлэх болно.
Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед нь оношлох, эмчлэх, ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, сувилах талаар цаашид анхаарч, мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн барилга шинээр баригдаж бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн орчин үеийн нарийн мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хүний нөөцийг сургах, орон тоог нэмэгдүүлж батлуулах ажлыг судлан 2024 оны улсын төсөвт тусгах асуудлыг онцгой анхаарч ажиллаж байна. Эмнэлэг нь 9 давхар, 50 ортой нөхөн сэргээх, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг эрт оншилж эрсдэлээс хамгаалах ажилтан хүний хөдөлмөрийн эрүүл мэндийг сахин хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэх юм.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нь шалтгаангүйгээр тохиолддоггүй бөгөөд ажилтан, хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн сахилга бат, хувийн зохион байгуулалт, анхаарал болгоомжгүй, аливаа зүйлийг хялбарчлах гэсэн сэтгэлгээтэй зарим талаар холбогдон гарч, хохирч байгаад бид дүгнэлт хийх учиртай.
Өнөөдрийн чуулганаас бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудлуудыг нухацтай ярилцах, мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцаж, Засгийн газрын үйл ажиллагаанд тус дэм болохуйц ажил хэрэгч, бүтээлч санал, санаачлага гарна гэдэгт итгэж байна. Чуулганаас гарсан санал санаачилгыг Засгийн газрын хуралдаанаар оруулж бодит шийдвэр гарган ажиллахад бэлэн байна” гэдгийг онцолсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 25 жилийн хугацаанд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 155 дугаар конвенц”-д 1997 онд нэгдэн орж, 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуультай болсон, 2012-2016 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны стандартуудыг үндэсний стандарт болгосон зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн тогтолцоонд томоохон ахиц дэвшил гарсан хэдий ч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, тогтолцоо, үндэсний болон салбар, орон нутгийн түвшинд бүрэлдэн төлөвшиж үйл ажиллагаа нь тогтворжсон байна.
Монгол Улсын хэмжээнд 1986-1990 онуудад жилд ойролцоогоор 2000 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан. Бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо 1991 онд 918, 1992 онд 308 болж огцом буурсан бөгөөд 1992 оноос хойш жилд дунджаар 400-аад осол, гэмтэл бүртгэгджээ. Сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 3802 хүн өртөж, 1055 хүн нас барсан харамсалтай тоо мэдээ байна. Нийт бүртгэгдсэн ослын 60 орчим хувь нь хүнд болон нас баралтад хүргэсэн ослууд байгаа юм.
Иймд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, мэдээлэх тогтолцоонд дүгнэлт хийх, улмаар үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах, мэдээлэхгүй, бүртгэгдэхгүй байгаа нөхцөл, байдлыг тодруулан судалгаа, шинжилгээ хийх зайлшгүй шаардлага байна.
Уул уурхай, дэд бүтэц зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үүнийг даган шинэ техник, технологи нэвтэрч байгаа нөхцөлд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх олон улсын стандартад нийцэхүйц өндөр түвшний лаборатори байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг шинэчлэн олон улсын жишигт хүргэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлага байгааг энд цохон тэмдэглэхийг хүсэж байна” гэлээ.
Чуулганаар
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцаанд ажилтны үүрэг, хариуцлага,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад ажил олгогч эздийн оролцоо, үүрэг хариуцлага,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ХАБЭА-н асуудал,
- Барилга, хот байгуулалтын салбарын ХАБЭА-н асуудал,
- ХАБЭА-н санхүүжилтийн асуудал,
- ХАБЭА-н Олон Улсын туршлага, хэрэгжүүлэх арга хэмжээ
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын хяналт ба үйлдвэрлэлийн ослын талаар
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судалгааны ач холбогдол анхаарах асуудлууд
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажил мэргэжлийн стандартыг боловсруулсан арга зүй, ач холбогдол
- Зам, тээврийн салбарын ХАБЭА-н бодлого, үйл ажиллагаа
- Боловсролын салбарын ХАБЭА,
- Орон нутаг дахь ХАБЭА зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүллээ.
2022 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нийт 395 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хөнгөн-149, хүнд-189, нас барсан-57 тохиолдол байна. Харин 2023 оны 1-р улирлын байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нийт 58 тохиолдол бүртгэгдсэнээс хөнгөн-17, хүнд-35, нас барсан-6 тохиолдол байгаа юм.
Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн статистик мэдээллээр 2022 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 2694 хүн идэвхтэй хяналтад байна. Үүний 2170 нь эрэгтэй, 524 эмэгтэй байна. Мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчний тохиолдол хамгийн өндөр буюу 1410 тохиолдол байгаа юм. Нийт тохиолдлын 73.9 хувь нь уул уурхай, олборлолтын салбарын ажиллагсад хамаарч байна. Мөн 2022 оны байдлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагуудаар сүүлийн 3 жилийн хугацаанд 358 аж ахуйн нэгж байгууллагын 5824 ажлын байр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагдсанаас 51% нь буюу 2970 ажлын байр стандартын шаардлага хангахгүй байна.
Иймд ажиллагсдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймдээ ч төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг байгууллагын нийгмийн хариуцлагын гол шалгуур болгох нь чухал. Тиймээс бид эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгохын тулд ажил олгогч болон ажилтны идэвхтэй оролцоо, нийгмийн түншлэгч талуудын үр дүнтэй хамтын ажиллагаа нэн шаардлагатайг чуулганы төлөөлөгчид онцолж байлаа.
ХАБЭА-н талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, ХАБЭА-н эрх зүй стандартын зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, нийтлэг зарчим, жишиг түвшинд хүргэн нийцүүлэх, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний болон орон нутаг, салбар, аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд шинэлэг, үр нөлөөтэй арга хэлбэрээр тогтмол зохион байгуулах зорилгын хүрээнд Үндэсний чуулганыг зохион байгуулсан.
Иймд ажиллагсдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймдээ ч төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг байгууллагын нийгмийн хариуцлагын гол шалгуур болгох нь чухал. Тиймээс бид эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгохын тулд ажил олгогч болон ажилтны идэвхтэй оролцоо, нийгмийн түншлэгч талуудын үр дүнтэй хамтын ажиллагаа нэн шаардлагатайг чуулганы төлөөлөгчид онцолж байлаа.
ХАБЭА-н талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, ХАБЭА-н эрх зүй стандартын зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, нийтлэг зарчим, жишиг түвшинд хүргэн нийцүүлэх, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний болон орон нутаг, салбар, аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд шинэлэг, үр нөлөөтэй арга хэлбэрээр тогтмол зохион байгуулах зорилгын хүрээнд Үндэсний чуулганыг зохион байгуулсан.
ИНҮТ-өөс ХАБЭА-н хэлтсийн дарга С.Батхуяг, АНҮГ-ын менежер П.Гантөгс, НСТ-ийн багшлагч мэргэжилтэн Б.Амарсайхан, НХҮА-ны ХАБЭА-н мэргэжилтэн Т.Цагаанмандах болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Б.Энхжаргал, Г.Март нар оролцлоо.