Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 98 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Иргэний нисэхийн салбарын ажилтнууд, үе үеийн удирдлагууд цуглан баярын хурлаа хийлээ.
ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа нийт хамт олондоо Нисэх хүчний 98 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдрийн баярын мэндийг хүргээд, салбарын үе үеийн удирдлагууд болон хамт олонд талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн тус хуралд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд оролцож, Иргэний нисэхийн салбарын нийт хамт олонд баяр хүргэв.
Энэ үеэр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхэн 98 жилийн ойг тохиолдуулан салбартаа амжилттай ажиллаж, хамт олноо манлайлсан ажилтан, албан хаагчдыг төрийн болон салбарын шагналаар шагнаж урамшууллаа. Тухайлбал, Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаны Тогтмол мэдээллийн хэсгийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяаг “Алтан гадас” одонгоор, Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигаци нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын төсөл хөтөлбөрийн хэлтсийн мэргэжилтэн П.Золзаяа, Нисэхийн аюулгүй ажиллагааны, хяналт зохицуулалтын албаны гэрэл суулт, цахилгаан хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Б.Ганчимэг, Нисэхийн аюулгүй ажиллагааны, хяналт зохицуулалтын албаны нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Д.Энхбаяр нарын 21 хүнийг “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Иргэний нисэхийн үндэсний төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолооч-операторчин Ж.Батжаргал, Иргэний нисэхийн үндэсний төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны нийтийн тээврийн жолооч Ш.Алтангэрэл, Иргэний нисэхийн үндэсний төвийн Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Шатахуун хангалтын албаны цэнэглэгч машины жолооч оператор Х.Чулуунбат нарыг “Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн мэргэжилтэн Э.Мөнхзулыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигаци нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын нислэгийн хөдөлгөөний менежментийн мэргэжилтэн Х.Одхүү, Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын тооцооны нягтлан бодогч Ц.Баярсайхан нарын 33 хүнийг ЗТХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр, “Airbusan” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Нам Жин, “Asiana airlines” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Юүн тэ жүн, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч-нисгэгч хошууч Б.Батболд нарын 46 хүнийг ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр, 47 хүнийг ИНЕГ-ын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа.