Нийтлэгдсэн 2023-05-29

Б.Мөнхтамир: Орон нутгийн тийзээс алдагдал үүсвэл МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд үүрнэ

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

Орон нутгийн нислэгийг сэргээх зайлшгүй шаардлага үүссэн. МИАТ ТӨХК гар бие оролцоно

-Монголд зочлох жилтэй холбогдуулан дотоодын тийзний үнийг бууруулахаар болсон. Тэр тусмаа МИАТ ТӨХК-ийг орон нутаг руу нислэг үйлдүүлэхээр болсон нь шинэ мэдээлэл байлаа?

-Засгийн газраас 2022, 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд ЗТХЯ, ИНЕГ хамтран агаарын тээврийг либералчлах бодлогыг эрчтэй явуулж байна. Үүний үр дүнд БНСУ руу 7-8 эйрлайн нислэг үйлдэж эхэллээ. 70 гаруй улсын авиа компани нисэх эрх нь нээгдсэн. Мөн АНУ руу шууд нислэг үйлдэх “Open Sky” конвенцид нэгдэж орлоо. Ингэснээр АНУ-Монгол хооронд агаарын харилцааны хэлэлцээрт хязгаарлалт байхгүй болж байгаа гэсэн үг юм. Манай улсаас АНУ руу, АНУ-аас манайх руу хүссэн агаарын тээвэрлэгч нислэг үйлдэх боломжтой. Энэ ажилд бодит үр дүн гаргах ажлыг ИНЕГ-т хийгдэж байна. Шаардлага хангасны дараа МИАТ компани АНУ руу шууд нислэгээ эхлүүлнэ.

Монголд зочлох жилтэй холбогдуулан агаарын хилийн нээлттэй бодлого баримталж эхэлсний үр дүнд олон улсын нислэгүүд эхнээсээ нээлттэй болж байна.

Гэтэл Монгол Улсыг зорьж ирээд, 21 аймгийн үзэсгэлэнт газруудаар аялж мэдрэмж авах гэтэл онгоцоор нисэх боломж хомс байна. Энэ нь эргээд жуулчдын цаг нарыг үрсэн хэрэг болдог.

Мөн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө-хотыг ойртуулъя гэж зорилт тавин ажиллаж байгаа. Орон нутгийн зам тээвэр хөгжиж байгаа хэдий ч өндөр настай, нялх балчир, өвчтэй зовлонтой хүмүүс онгоцоор зорчих боломж хомс олддог. “Ковид-19” цар тахлын улмаас орон нутагт нислэг үйлдэж буй авиа компаниуд төдийгүй МИАТ ТӨХК ч санхүүгийн чадавхын хувьд хүндрэлтэй цаг үеийг туулж гарлаа. Орон нутгийн нислэгийг сэргээх зайлшгүй шаардлага үүссэн. Ингэхдээ МИАТ ТӨХК орон нутгийн нислэгүүдийг сэргээх ажиллагаанд гар бие оролцоно гэдэг шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гараад байна.

-Иргэддээ хямд нислэгээр үйлчлэх боломж байсаар байтал одоо л дөнгөж хөдөлж эхэлж байгаа гэх ойлголтыг төрүүлж, шүүмжлэл гарч байна. Цаг хугацааны хувьд?

-Агаарын тээврийн зах зээл зорчигчийн урсгал дээр тогтдог. Орон нутгийн агаарын тээврийн зорчигч урсгал 1995 оноос хойших тоон үзүүлэлтээрээ тогтмол буурч ирсэн. Энэ нь зам тээвэр хөгжсөнтэй холбоотой.

Улаанбаатараас Баян-Өлгий, Ховд, Увс руу хоёр, гурав хонож очдог байсан бол 24 цагтаа л давхиад орчихдог болсон. Зам харилцаа, авто тээвэр сайжирснаар орон нутгийн нислэг буурч байгаа. 1990 оноос буурч байгаад 2012 онд огцом өссөн байдаг. Тухайн үед “Изинис Эйрвэйс” компани нислэгээ эхлүүлж, “Хүннү эйр”, “АэроМонголиа”, “Тэнгэрийн улаач” гэхчлэн хувийн хэвшлийн компаниуд Засгийн газрын татаастайгаар нисэж байлаа. Энэ нь зорчигч урсгал нэмэгдэхэд нөлөөлсөн. Зорчигч урсгал их байх тусам суудал дүүрнэ, суудал дүүргэлт хэвийн байх тусам үнэ бууруулах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл зорчигч урсгал нэмэгдэх тусам хувийн хэвшил энэ орон зайд бизнес хийх боломжтой.

Орон нутагт нислэг үйлдэх онгоцыг авахын тулд авиа компаниуд багагүй хөдөлмөр зардаг. Урт хугацааны, хатуу гэрээтэйгээр онгоц түрээсэлж, сар бүр төлбөр төлнө. Дээрээс нь засвар үйлчилгээний зардлууд гаргана. Зорчигч урсгал буурахын хэрээр алдагдалгүй ажиллахын тулд үнээ тогтмол өсгөж ирсэн. Мэдээж ашиггүй ажиллана гэж байхгүй. Ашиг гаргахын тулд үнийг өндөр байлгаж ирсэн гэсэн үг.

-Орон нутаг руу нислэг үйлдэхдээ онгоц түрээсэлнэ гэдгээ та Засгийн газрын хуралдааны дараа дурдсан удаатай. Танай компани орон нутаг руу нисэхэд алдагдал хүлээх эрсдэл үүсэх үү. Орлого болоод зарлагаа тэнцүүлж чадах уу?

-МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэхдээ ямар нэгэн байдлаар ашиг харахгүй. Алдагдал хүлээхгүй. Бид бодит өртөгөөр нь тооцно. Гэхдээ үүнд нэг нюанс бий.

-Ямар. Орон нутгийн нислэгийн үнэ ямар тооцоолол дээр үндэслэн гаргаж ирсэн бэ?

-Орон нутгийн нислэгийн үнэ ямар тооцоолол дээр үндэслэн гарч ирсэн бэ гэвэл суудал ашиглалт. Тухайн онгоц 76 суудалтай байлаа гэхэд 80 хувьд нь тогтмол зорчигч тээвэрлэнэ гэж тооцож байгаа. Бодит байдал дээр 80 хувьд хүрэхгүй тохиолдлууд маш их гарна. Ялангуяа нислэг дөнгөж эхлэх үеэр. Энэ эрсдэлээ МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрөө даая гэж байгаа юм.

Бидний санхүүгийн тооцооллоор “Энэ бол үүрч болох алдагдал”. Манайх Оюутолгой компани руу захиалгат нислэг тогтмол хийж байна. Энэ ашгаараа орон нутаг руу нисэх хувь нэмрээ оруулна гэдэг тооцоололтой.

МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зах зээлийг бойжуулж, хөгжүүлж өгөөд гарахад татгалзах зүйлгүй-

-Хэдхэн хувийн хэвшлийн монополь байдлыг задлах зорилготой гэж ойлгогдож байгаа л даа. Нөгөө талаар төрийн өмчит компани хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөж, “хоол”-ыг нь булаах хэр зохимжтой вэ гэдэг шүүмжлэл бас танайхыг тойрохгүй нь?

-Яг тийм. Энэ бол хөндөгдөх л учиртай өнцөг. Гэхдээ тэгж харах учиргүй. Яг бизнесээ бодвол МИАТ ТӨХК орон нутагт орох сонирхолгүй. Гэхдээ төрийн өмчит компани гэдэг утгаараа ийм шаардлага үүсээд байгаа. Тухайлбал, Сингапур ямар байдлаар хөгжив. Тухайн бизнесийн зах зээлийг хөгжүүлээд хувийн хэвшлийнхэн ашиг орлого олох хэмжээнд хүрсний дараа гарчихдаг. Бид энэ загварыг л хэрэгжүүлье гэж байгаа юм.

Одоо хувийн хэшлүүд алдагдал үүрээд үнээ хямд байлгах бодлого явуулж, зорчигч урсгал нэмэгдсэний дараа буцаад ашиг олж чадахгүй. Санхүүгийн хувьд энэ нь маш эрсдэлтэй. Энэ ажлыг МИАТ хийж өгье л гэж байгаа хэрэг юм.

Дээр хэлсэнчлэн ашиг харахгүй, суудал дүүргэлт 80 хувьд хүрэхгүй бол гарах эрсдэлийг бид өөрсдөө даая. Гурав дөрвөн жилийн дараа орон нутгийн нислэг бодитоор сэргэж, зорчигч урсгал нэмэгдсэн тохиолдолд буцаад гарахад татгалзах зүйлгүй.

Тэгэхээр манайхыг хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөх нь, нухчин дарах нь гэж харах нь өрөөсгөл. МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тухайн зах зээлийг бойжуулж, хөгжүүлж өгснийхөө дараа эргээд гарчхаж болно. Ямар нэгэн ашиг хийхгүйгээр зах зээлийг нь хөгжүүлж өгье л гэж байгаа юм.

-Есөн аймаг руу долоо хоног бүр нислэг үйлдлэх үү. Хуваарь тодорхой болсон уу?

-Тодорхой хуваарь одоогоор гараагүй байна. Өнөөдрийн хувьд орон нутгийн тийзийг яаж олон улсынх шиг системээр борлуулдаг болох вэ гэдэг туршилтууд хийгдэж байна. Энэхүү тооцоо дууссаны дараа бид борлуулалтын сувгуудаар тийзээ борлуулж эхэлнэ.

Нэг аймаг руу долоо хоногт 1-3 удаа ниснэ. Тухайлбал, Улаанбатаар-Мөрөн, Улаанбаатар-Ховд чиглэлд долоо хоногт гурван удаа нисэх юм. Үнийн хувьд өнгөрсөн онуудтай харьцуулахад харьцангуй хямд. Энэ нь ямар нэгэн ашиг нэмээгүй үнэ байх юм.

-Танайх ороод ирэхэд хувийн хэвшлүүд ч үнээ бууруулах нөхцөл байдал үүсэх байх, тийм үү?

-Бууруулах байх л гэж бодож байна. Онгоцоо ямар компаниас хэдэн төгрөгөөр авсан гэдэг нь чухал. Энэ тухай мэдээллээ агаарын тээвэрлэгч компаниуд хоорондоо хуваалцдаггүй. Бизнесийн нууц. Аль болох сайн, гэрээ хэлэлцээр хийж байж онгоцны тийзний үнэ буурах нөхцөл байдал бүрддэг.

МИАТ ТӨХК цар тахлын хямралаа бүрэн давчихсан уу?

-Бүрэн давсан гэж хэлэхэд хэцүү. Намайг ажлаа дөнгөж авсны дараа хоёулаа өөрт чинь ярилцлага өгч байснаас хойш тодорхой хэмжээний сэргэлт хийсэн л дээ. Цар тахлын хоёр жил нэлээд нухлуулсан. Цалингаа ч өгч чадахгүй хэмжээнд хүрчихсэн үе бидэнд байлаа. Тусалж дэмжсэн харилцагч байгууллагууд бий. Тэдэнд талархах нь зүйтэй.

Тоон баримт хэлье. Цар тахлын өмнө буюу 2019 онд 2596 нислэг үйлдэх үедээ 35 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан. Харин 2022 онд 1483 нислэг үйлдэхдээ 37 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан. Энэ нь цэвэр зардал хэмнэлттэй холбоотой. 2021 онд хэмнэлтийн бүх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Нийт ажилчдаасаа санал авсны үндсэн дээр. Давхардсан тоогоор зардал хэмнэх 352 санал гарснаас 56-г нь ажил хэрэг болгож үзсэн. Үүний үр дүнд 2022 онд 40 тэрбум төгрөг хэмнэж чадсан байдаг юм. Хамгийн том хэмнэлт мэдээж шатахуун. Манай зардлын 30-40 хувийг шатахуун эзэлдэг.

Нийт ажилчдын хичээл зүтгэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэдгийг хэлье.

-“СодМонгол”, “Мэргэ Ван” компаниудын гэрээ дуусгавар болж төрийн өмчит “Эрчис ойл” компаниас шатахууны сумлагаагаа хийдэг болсноор үнэ буурсан-

Шатахуун гэснээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын шатахууны олон жилийн монополь байдлаас салж чадсан байна?

-Ц.Анандбазар гэх гишүүнтэй ямар нэгэн харилцаа холбоогүй. “СодМонгол” болон түүний хамаарал бүхий “Мэргэ Ван” компанитай гэрээтэй ажиллаж ирсэн байдаг. Энэхүү гэрээг өнгөрсөн жил дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл “СодМонгол”, “Мэргэ Ван” зэрэг компаниудаас авдаг сумлагаагаа зогсоож, 2022 оны есдүгээр сараас төрийн өмчит “Эрчис ойл” компаниар дамжуулан ОХУ-ын Роснефть аэро компаниас шууд авч байна. Мөн жижиг оврын ерөнхий нислэг хийдэг компаниуд ч харьцангуй хямд үнээр аваад эхэлчихсэн байгаа.

Үүний үр дүнд орон нутгийн нислэгийн үнэ хямдрах бас нэг боломж гарч ирж байна. Цаашлаад олон улсын нислэгүүдээр жуулчид авч ирэх аялал жуулчлалын компаниудад зориулан гаргасан тодорхой хөнгөлөлтүүдийг хэрэгжүүлээд байгаа.

-Гэр бүлээрээ зорчих тохиолдолд 1-16 насны хүүхдүүдэд нислэгийн тийз үнэгүй болгосон хөнгөлөлт урамшуулал нь МИАТ ТӨХК-ийг хүндрэл, хямралаасаа гарчихсандаа ийм үйлчилгээ үзүүлж байна гэх ойлголтод хүргэсэн?

-Агаарын тээвэрлэгчдэд суудал дүүргэлт хамгийн чухал. БНХАУ хилээ нээгээд зургаан сарын хугацаа болж байна. Үүнтэй холбоотойгоор бид Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийг долоон хоногт хоёр удаа болгож нээсэн. Шатлан нэмсээр одоо долоо хоногт долоон удаа нисэж эхэлнэ. Ингэж нислэгийн тоогоо огцом нэмснээр суудал дүүргэлт бага байгаад байна. Суудал дүүргэлт бага байгааг л соргогоор ашигласан хэрэг. Судалгаа хийж үзсэн. Нэг гэр бүл дунджаар хоёр хүүхэдтэй байна. Эл тоон дээр үндэслэсэн. Тухайлбал, 160 суудалтай онгоц 40-хөн хүний суудал дүүргэлттэй боллоо гэхэд 50-д нь хөнгөлөлттэй тийз гаргачихъя гэдэг маркетинг.
МИАТ ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдалтай уялдсан юм биш.

Цаг агаар, аялал жуулчлалын сезоноос хамааран дөрөв, тав болон арав, арваннэгдүгээр сар хамгийн бага зорчигч тээвэрлэдэг. Зарласан хуваарьт нислэгийг заавал үйлддэг. Арав, хорин зорчигчтой байхаас үл хамаараад гэсэн үг. Тухайн хоосон суудлын ядаж 50 хувьд нь дүүргэлт хийгээд үлдсэн хувьд нь хүүхдүүдээ үнэгүй тээвэрлэе гэдэг л маркетинг юм.

Арав, арваннэгдүгээр сард дахиад ч ийм хямдрал зарлана. Олон нийтэд нэлээд хүрлээ. Call Center-т сууж ажилладаг 18 хүний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнийг бас бодолцох хэрэгтэй юм билээ. Хоёрдугаарт, зургаадугаар сард үнэгүй зорчих хүүхдүүдийн билет дүүрчихсэн. Гэтэл авч чадаагүй хүмүүсийн дунд бухимдал үүссэн. Ойлгож байна. Хэн түрүүлж холбогдоно, тэр хүн хөнгөлөлттэй билет авч чадна гэдэг л зарчим үйлчилнэ. Зарлачхаад хадгалж дараад байх боломжгүй. Болохгүй. Дарга нь хадгал гэж яриад болчихдог гэж ойлгоод байх шиг. Гэтэл тийм биш. Бид олон улсын авиа компаниудын ашигладаг систем рүү орчихсон. Хэн түрүүлж захиалга хийнэ, тэр хүн л авна.

Харин найм, есдүгээр сард гэж зарласан хөнгөлөлт, урамшууллууд байж л байна. Магадгүй хичээл, сургууль эхлэхтэй холбоотой байж магадгүй.

-“Олон улсын карго хэт өндөр үнэтэй байна, иргэдийг шулж байна” гэх шүүмжлэл, гомдол мэр сэр дуулддагКаргоны үнийг бууруулах тал дээр ямар бодлоготойгоор ажиллаж байна вэ?

-Сүүлийн хоёр жил каргог тэр чигээр нь задалчихсан. Карго буюу тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлдэг олон компаниуд бий. Авиа компанид жижиглэнгээр карго цуглуулж өгдөг агентууд, жижиглэнгийн карго авдаг иргэд бий.

Өмнө нь МИАТ ТӨХК-д карго цуглуулж өгдөг давуу эрхтэй хоёр, гуравхан компани байсан. Бусад нь шаардлага хангадаггүй байлаа. Үүнтэй холбоотойгоор онгоцоор тээвэрлэх үнэ дээр нэмээд хадгалалт, бичиг баримтын бүрдүүлэлт, тээврийн зардал нийлээд, эцсийн хэрэглэгчийн гар дээр өндөр үнэтэй очдог. Өөрөөр хэлбэл агентууд дундаас нь ашиг хийж байсан гэсэн үг. Үүнийг бид яавал хямдруулах вэ гэдэг бодлого гаргасан. Тодруулбал, манай компанийн зүгээс тавигдах шаардлагуудыг бууруулсан. Сөүлд найм есөн компани бий. Мөнгө алдах эрсдэлтэй тул барьцаа хөрөнгөөс бусад шаардлагуудаа зөөлрүүлсэн. Ингэснээр илүү олон өрсөлдөгчид гарч ирж, жижиглэнгээр карго цуглуулагчид болон агентууд карго тээврийн үнээ буулгасан.

2022 оны наймдугаар сард Монгол Улсад анх удаа карго тээврийн онгоц нислэг үйлдэж эхэлсэн. Энэ каргоны үнийг бууруулах боломж нээж өгсөн. Энэ онгоц дангаараа 30 тонныг тээвэрлэдэг. Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Токио, Улаанбаатар-Истанбулын чиглэлд ниссэн.

Онгоц ирээд буцах зардал нэг л өртөгтэй. Тиймээс цаанаас ирж байгаа буюу импортын ачаа дүүргэлт хэвийн. Харин Монголоос ачих экспортын ачаа байдаггүй байлаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Монгол Улсад тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлдэг бүх компаниудыг цуглуулсан. Монголоос гаргах ачааны үнийг нэг хүрэхгүй ам.доллар болгоё. Сөүлээс 30 тонн ачаа авч ирэхийн тулд эндээсээ хоосон нисэхгүйгээр ядаж 15 тонн ачааныхаа мөнгийг олъё л гэж байгаа юм. Үүгээрээ экспорт хийдэг компаниудад том боломж нээж өгсөн. Сүүлийн хоёр жил ялангуяа карго тээврийн үнэ унаж байгаа гэж хэлж болно.

-Шударгаар хэлэхэд надад ч МИАТ ТӨХК-ийн хувьчлах тухай дарамт ирж байгаагүй. Хөл дээр нь босгох том амбиц надад байгаа гэж анх хэлж байсан-

Хүндрэлтэй цаг үед эл компанийг хувьчлалын асуудал сөхөгдөж байгаад намжсан удаатай. Улс төрийн хөшигний ард л ийм яриа өрнөж байдаг. Тодорхой сэргэлт хийгдсэний дараа дахин ийм яриа сөхөгдөв үү?

-Энэ асуудлыг сайн мэдэхгүй байна. Сүүлийн долоон жил энэ компанид ажилласан хүний хувьд нээлттэй, олон нийтийн хяналтад байлгах ёстой гэдэг байр суурьтай. Хэн нэгэн хувь хүнд хувьчилж болохгүй. Ойрын хугацаанд IPO гаргах боломж нь юу вэ гэдгийг судалж байна. Ингэсэн тохиолдолд хувьцааны ихэнхийг нь Засгийн газар өөрөө эзэмших нь зүйтэй. Учир нь агаарын тээврийн салбар стратегийн хувьд чухал ач холбогдолтой.

Хэрэв IPO гаргавал санхүүгийн тооцоолол, хийж буй үйл ажиллагаа ил болно. Олон нийтийн хяналттай болно. Энэ байдал руу орох ёстой гэж хувь хүнийхээ хувьд үздэг.

МИАТ ТӨХК-ийг хувьчлах сонирхол хэсэг бүлэг хүмүүст байдаг юм шиг санагддаг. Таныг удирдаж байх хугацаанд тийм дарамт шахалт ирж байв уу?

-Шударгаар хэлье, тийм зүйл ирж байгаагүй. “МИАТ ТӨХК-ийг хувьчлаад авчихъя, өөртөө ашигтай байдлаар эргүүлчихье” гэдэг юм алга. Хамгийн үр ашигтайгаар, зөв зохион байгуулалттайгаар ажиллуулах ёстой гэдэг л том үүрэг өгч байсан, надад.

Цар тахлын дараах МИАТ ТӨХК-ийн сэргэлтэд “Энэ байгууллагыг хөл дээр нь босгоод ирэх юм сан” гэсэн залуу хүний амбиц нөлөөлөв үү, цаг үе нь аяндаа сэргэлтийг авч ирж таарав уу?

-Энэ компанийг хөл дээр нь босгоод цааш ажиллуулах том амбиц надад байгаа гэж анх хэлж байсан. Тухайн үед зоригтой орсон. Юу хийж болох вэ гэдгийг би мэдэж байсандаа тэр. Төсөөлөл толгой дотор байсан. Сүүлийн хоёр жил Гүйцэтгэх захирлын албыг хашиж буй болохоос долоон жил гаруй хугацаанд энэ байгууллагад ажиллаж байна.

Гэхдээ зөвхөн би гэж ярих нь зохимжгүй. Манай баг хамт олон үнэхээр сайн ажилласан. Нэг бодлогын дор зангидагдаж, атгасан гар шиг ажилласанд талархалтай байна. Түрүүн хэлсэнчлэн 100 хувь сэргээгүй байна.

Тухайн үед хуримтлагдсан өр төлбөр нэлээд багассан. Төрийн хэдэн байгууллагуудын төлбөр үлдлээ. Онгоцны түрээсүүдийг бууруулж чадсан. Шатахуун нийлүүлэлтийн үнийн дүнг ч тодорхой хэмжээнд бууруулаад байна. Цаашдаа нисгэгчдийнхээ тоог нэмнэ. Ингээд урт хугацааны төлөвлөгөө рүүгээ орж ажиллахгүй бол болохгүй. Ирээдүйд бид АНУ руу нисэх нислэгээ нээнэ. Төв Ази, Европын зарим улс руу нээх төлөвлөгөөтэй. Үүнтэй холбоотой ажлуудаа өнөөдөр хийж хэрэгжүүлж байна.

Наймдугаар сарын 1 гэхэд 300 хүний суудалтай өргөн биет онгоц нэгийг авна. Ирэх оны нэгдүгээр улиралд дахиад 300 хүний суудалтайг авна. Орон нутгийн нислэг нээхтэй холбоотойгоор түрээсийн онгоцоор үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Ингээд ирэх онд МИАТ ТӨХК арван онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулах юм.

Олон улс, орон нутагт нислэгүүдээ тэлж байгаатай холбогдуулан боловсон хүчний асуудал хэр хөндөгдөж байна вэ?

-Мэдээж боловсон хүчин нисэхийн салбарт хүндрэлтэй. Энэ ганцхан МИАТ ТӨХК-ийн зовлон биш. Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх байгууллагуудын зовлон. Нэгдүгээрт, нисгэгчийн дутагдал маш их бий. Хоёрдугаарт, инженерийн дутагдлууд гарч байна.

Одоо хувийн зардлаар нисгэгч болох мөрөөдөлдөө хөтлөгдөөд сураад, үнэмлэхээ аваад ирсэн арав гаруй залуучууд бий. Тэднийг туршлагажуулж авах зорилго бий.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: ЭГҮҮР.МН

https://eguur.mn/412716/ 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper