Улаанбаатар хот 2023.05.22
Сургалтын зорилго:
ИНЕГ-ын даргын 2023 оны А/146 дугаар тушаал болон 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан “Гадаадад сургалтад хамрагдах удирдамж”-ийн дагуу Дотоод аудитын албаны дарга Б.Мөнх-Очир, аудитор А.Мөнх-Эрдэнэ нар 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд Сингапур улсын Олон улсын дотоод аудитын институтээс зохион байгуулсан “Залиланг мөрдөн шалгах дотоод аудиторын ур чадвар” сургалтад хамрагдлаа.
Тус сургалтад хамрагдсанаар дотоод аудитын албанаас хийгдэх аудит шалгалтыг “Дотоод Аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандарт”-ын дагуу хийх, үр дүнг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагаас гаргасан арга туршлагыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэх, дотоод аудиторуудын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн шинэ арга барил, туршлага судлах зэрэг ач холбогдолтой юм.
Арга хэмжээний тухай:
Сургалт нь Сингапур улс дахь Олон Улсын дотоод аудиторуудын институт (IIA)-д явагдсан ба лекц, дасгал ажил (кейс), хэлэлцүүлэг гэсэн хэлбэрээр 2 өдөр явагдсан ба дараах үндсэн асуудлын хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:
- Аудит ба мөрдөн шалгах ажлын ялгаа,
- Худалдан авалтад аудит хийх арга, худалдан авах ажиллагаанд гарсан залиланд кейс дээр ажиллах,
- Мөрдөн байцаалтын хүрээг тодорхойлох, нөөцийг хуваарилах,
- Эх сурвалжтай (мэдээлэгч) ярилцлага хийх,
- Нотлох баримт цуглуулах, дүн шинжилгээ хийх талаар,
- 5W1H (What, Who, Where, When, Why, How) асуултын аргын дагуу үүссэн нөхцөл байдалд иж бүрэн шинжилгээ хийх, боломжит шийдлийг гаргах,
- Аудитын ярилцлагын үндсэн ур чадвар (80-20 rule for interviewing),
- Залилангийн онол ба тайлан бичих талаар,
- Удирдлагын тайлан бичих ба илтгэл тавих гэх мэт.
Сургалтыг Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч ноён Рой Леонг удирдан явуулсан ба залиланг илрүүлэх, аудит хийх арга техник, байгууллагын дотоод аудиторт тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар өөрийн ажлын туршлага жишээн дээр тайлбарлан явуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон ба мөн тус сургалтаар гадаадын олон улсын дотоод аудиторууд баг болон кейс, ярилцлага хийж туршлага, мэдлэг солилцлоо.
Манай Улсын дотоод аудиторуудад Олон Улсын дотоод аудиторын гарын авлага, дүрмийг ашиглахад хүндрэлтэй (гишүүнчлэл, төлбөр, хурал семинарт оролцох гэх мэт.) байдаг ба тус албан ёсны сургалтаар аудитын нэгэн чухал төрөл болох залилангийн аудитын талаарх гарын авлага (цахим болон цаасан) сургалтын явцад ашигласан нь давуу буюу цаашид өөрийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглах нэвтрүүлэх бололцоо олгосон сургалт боллоо.
Дүгнэлт, Үр дүн:
Монгол Улсын Засгийн газраас сайн засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрыг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор улсын секторын дотоод аудитын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ИНЕГ-ын дотоод аудиторууд нь олон улсын байгууллагаас гаргасан стандарт, дүрэм, зөвлөмжийг мөрдөж ажиллах, тасралтгүй сургалт, дадлагаар хангагдаж байх зайлшгүй шаардлагатай юм.
Энэхүү сургалтын хугацаанд аудиторууд нь байгууллагыг эрсдэл, зөрчил дутагдлаас хамгаалах, илрүүлэхэд нэн шаардлагатай арга техникийн нэг болох аудитын ярилцах чадварыг дээшлүүлэх, залиланг илрүүлэх, аудитыг үр дүнтэй төлөвлөж тайлагнах, аудит хийх арга техникээ сайжруулах болон Олон улсын дотоод аудитын байгууллагаас гаргасан стандарт, сайн туршлагатай танилцах, суралцах боломж олгосон цаашид өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж олгосон сургалт болов.
Мөн тус сургалт нь зөвхөн лекц хэлбэртэй бус дадлага ажил холимог байдлаар явагдсан нь удирдан явуулсан багш ноён Рой Леонг (Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч), бусад олон улсаас оролцсон дотоод аудиторуудын дадлага, туршлагаас суралцах, санал солилцох боломж олголоо.
(Сургалтад хамрагдсан сертификатыг хавсаргав.)
ТАНИЛЦСАН:
АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Г.БАТБАЯР
ТАЙЛАН БИЧСЭН:
ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХ-ОЧИР
ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ АУДИТОР А.МӨНХ-ЭРДЭНЭ