Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан айлчлалын хүрээнд тус улсын Сансар судлалын их сургуулийн /Korean Aerospace University/ урилгаар тус сургуульд зочилж, сургалтын үйл ажиллагаатай танилцан, албаны хүмүүстэй уулзлаа.
Уулзалтын хүрээнд талууд Монгол улсын Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх, ур чадварыг нэмэгдүүлэх, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй иргэний нисэхийн салбарын технологи, инновацыг эх орондоо нутагшуулах зорилтын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэ үеэр ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Орос, Украйн, АНУ, Канад, Шинэ Зеланд зэрэг улсуудад өндөр зардлаар цөөн хүн сургадаг байсан, одоо Солонгос улсад бага зардлаар, олон тоогоор чанартай сургалтаар мэргэжилтэн бэлтгэх бололцоо бүрдсэнийг цохон тэмдэглэв.
Энэхүү санамж бичгийн хүрээнд манай улсаас тус сургуулийн бакалавр, магистр, докторын боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт хамрагдах суралцагчид төлбөрийн тодорхой хувийн хөнгөлөлт эдлэхээс гадна, иргэний нисэхийн салбарт одоо ажиллаж буй ажилтнуудын боловсрол, мэдлэг, ур чадварыг сайжруулах, туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор богино хугацааны сургалтуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол зохион байгуулах, харилцан мэргэжилтэн солилцож туршлага судлуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.
1952 онд үүсэн байгуулагдсан Сансар судлалын их сургууль нь инженер, нисэхийн менежмент, хиймэл оюун ухаан, тээвэр логистик, нийгмийн ухааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 170 гаруй эрдэмтэн багш нар, 6000 гаруй оюутантай Солонгос улсын томоохон их сургууль юм.
Уулзалтад Монголын талаас ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Урантөгс нар, Солонгосын талаас тус сургуулийн Ерөнхийлөгч Др. Хи Ён Хур, Нисгэгч бэлтгэх сургалтын төвийн захирал, ахмад Ён Гу Ким, Олон улсын харилцааны газрын дарга Вү Кён Сүн нар оролцов.