“Хөгжлийн бэрхшээлтэй хүний үндэсний хороо”-ны дэргэдэх “Зам, тээврийн салбар зөвлөл”-ийн 2023 оны ээлжит хурал өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд боллоо. Тус хурлын эхэнд ЗТХЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 2023 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцууллаа.
Тус зөвлөлөөс 2023 онд хийж хэрэгжүүлэх гол ажил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон нутаг болон хот хооронд зорчиход тодорхой хөнгөлөлт үзүүлэх ажил болохыг хэллээ. Үүний дагуу агаарын тээврийн салбарын хувьд 2023 оны эхний хагас жилд “МИАТ” ТӨХК-аар хөгжлийн бэрхшээлтэй 91 иргэн 13 чиглэлд хөнгөлөлттэй үнээр зорчсон байна. Тодруулбал, Сөүлийн чиглэлд 45, Токио чиглэлд 10, Бээжин чиглэлд 3, Хонгконг чиглэлд 3, Бусан чиглэлд 1, Франкфурт чиглэлд 7, Истамбул чиглэлд 22 иргэн хөнгөлөлттэй үнээр зорчжээ. Мөн “Аэромонголиа” компаниар 1 иргэн Өлгий чиглэлд хөнгөлөлттэй үнээр зорчсон байна.
2023 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол ажлуудын нэг болох “Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль”-ийн төсөл боловсруулахад ЗТХЯ болон бусад яамд хамтран ажиллаж байна. Мөн ЗТХ-ийн сайд аймгийн Засаг дарга нартай жил бүр байгуулдаг гэрээн дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн арга хэмжээний үүргийн хэрэгжилтийг дүгнэн ажиллаж байгаагаас гадна. ЗТХЯ-ны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн дугтуй, архивын цаас бичиг зэргийг жил бүр худалдан авч, үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг байна.
Иргэний нисэхийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн арга хэмжээний талаар ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа танилцууллаа. Иргэний нисэхийн ерөнхий газарт өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 34 ажилтан бий. Энэ нь нийт ажилтнуудын 1.6 хувийг эзэлж байна. 2023 оны эхний хагас жилд Хөдөлмөрийн дотоод журамдаа заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 9 ажилтанд 4.5 сая төгрөгийн тэтгэмж, 1-3 сараар өвчилсөн буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсан 4 ажилтанд 5.6 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. Мөн ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтны хүүхдийн эмчилгээнд зориулж, жилд нэг удаа 500 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор заасныг 2024 оноос эхлэн 1 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.
Агаарын тээврийг хялбаршуулах журмын хүрээнд “Буянт-Ухаа” ОУНБ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол 4, ариун цэврийн өрөө 2-ыг байгуулж, нийтийн эзэмшлийн заал, танхимуудын нүүрний эгнээний сандлуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тэмдэглэгээ байрлуулсныг танилцууллаа. Мөн орон нутгийн нисэх буудлуудад тэмдэг тэмдэглэгээтэй автомашины зогсоол, тэргэнцэртэй зорчигчдод үйлчлэх нисэх буудал руу орох, гарах зориулалтын налуу зам, явган зам, ариун цэврийн өрөө, тэргэнцэр, дамнуурга зэргийг хийж, орон нутгийн нисэх буудлын ажилтнуудыг дохионы хэлний анхан шатны сургалтад хамруулсан байна.
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ “Зам тээврийн салбарт өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 202 иргэн ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ зөвхөн салбарын үйлчилгээг хүртээмжтэй авах гэхээс илүү тэднийг сэтгэл зүйн хувьд дэмжих, ажилтай орлоготой болгох чиглэлээр ажиллаж байна. Өмнө нь бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн гаднах орчныг тохижуулж, тэргэнцэртэй иргэдийн холбоонд автомашин тохижуулж бэлэглэж байсан. Энэ удаад зам дагуух үйлчилгээний байгууллага, аялал жуулчлалын зориулалттай отоглох цэг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах төслийг өнөөдрийн хурлаар танилцууллаа” гэв.
Цаашид тус зөвлөлийн хурлыг салбар бүрт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, дараагийн хурлыг автотээврийн салбарт хийх юм.