УИХ-ын чуулганы /2023.06.15/ нэгдсэн хуралдаанаар “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Монгол Улс нь олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн улсын хувьд тус ба байгууллагын бодлого, стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудит, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр, сургалтад хамрагдах, хурал, чуулганд оролцох зэрэг олон улсын иргэний нисэхийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байгааг С.Бямбацогт сайд тэмдэглэсэн. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2010 оны нисэхийн аюулгүй байдлын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн аюул занал, хууль бус үйлдээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, илүү үр дүнтэй арга хэмжээ авахад чиглэсэн эрх зүйн хэм хэмжээг бүрдүүлэх зорилгоор “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-ыг баталсан байна. Тус конвенц нь 2018 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд 34 улс гарын үсэг зурж, 23 улс соёрхон баталж, 19 улс нэгдэн ороод байгаа аж.
Энэхүү конвенцод олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд дурдаагүй орхигдуулсан зохицуулалтууд, түүнчлэн гэмт хэрэгт тооцох үйлдэл, ялын байдал, гэмт хэргийн оролцогчид, хэргийн харьяалал, гэмт этгээдийг шилжүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг нарийвчлан тусгасан байна. Монгол Улс 1972 онд нэгдэн орсон “Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай” Монреалын конвенц, түүний нэмэлт Протоколоос давуу хүчин чадалтай гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцоллоо.
Агаарын тээврийг либералчилж, нислэгийн тоо, чиглэлийг эрчимтэй нэмэгдүүлж байгаа энэ үед манай улс нь иргэний нисэхийн аюулгүй байдлын стандартаа олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, энэ төрлийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариуцлага хүлээлгэх тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн байна. Монгол Улс нь “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-ыг соёрхон баталснаар иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин, эрх зүйн тогтолцоог сайжруулахад дэмжлэг болно гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд танилцууллаа. Энэхүү конвенцын нэгдүгээр зүйлд гэмт хэрэгт тооцох үйлдлүүдийг тодорхой заасан бол гуравдугаар зүйлд холбогдох гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийн талаар тусгажээ. Иймд хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг боловсруулж, хамт өргөн мэдүүлсэн байна.
Хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Тус хуралдаанд Хууль зүйн байнгын хорооноос “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.4-т заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ ирүүлснийг нэгтгэн хэлэлцсэн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан юм. Хуулийн төслийг хэлэлцээд соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.14.3-т заасныг үндэслэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэв