Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэг, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколуудыг Монгол Улс соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Я.Ариунболд 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хадгалуулав. Батламж жуух бичиг хадгалуулах үйл ажиллагаанд ОУИНБ-ын Эрх зүйн газрын захирал Майкл Гилл байлцлаа.
Эдгээр протоколыг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 39 дэх удаагийн чуулганаар баталсан бөгөөд нийт 128 гишүүн улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Манай улс нэмэлт, өөрчлөлт оруулах протоколуудыг соёрхон баталсан 85 дахь улс болов.
Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэг, 56 дугаар зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноор Зөвлөлийн гишүүний тоо 36-аас 40 болж, Агаарын навигацийн комиссын гишүүний тоо 19-өөс 21 болж нэмэгдэх юм.