Тайландын хаант улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын иргэний нисэхийн байгууллага буюу ICAO-ын Ази, Номхон далайн бүсийн иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр болох CASP-AP-ийн удирдах зөвлөлийн 18 дугаар хурал өчигдөр /2023.07.24/ албан ёсоор эхэллээ.
Уг хуралд Монгол Улсаас Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэлээр ахлуулсан баг бүрэлдэхүүн оролцож байгаа бөгөөд Непаль Улсын Иргэний нисэхийн байгууллагын дарга энэхүү хурлыг даргалж, удирдан зохион байгуулах эрхийг АННББЗГ-ын дарга Ч.Одгэрэлд шилжүүллээ.
ICAO-ын Ази, Номхон далайн бүс /APAC/-ийн захирал Тао Ма хурлыг нээж, цаашдын үйл ажиллагаанд амжилт хүссэн. Түүний дараа хурлыг даргалагч Ч.Одгэрэл хэлсэн үгэндээ “Монгол Улс нь Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн ба цаашид хурлыг даргалагч улсын хувьд CASP-AP хөтөлбөрийн хэрэгжилтэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гэдгийг онцлон хэлсэн юм.
Монгол Улсын тус хурлыг даргалах болсноор 2023-2024 оны хооронд буюу дараагийн удирдах зөвлөлийн хурал даргалагчийн үүргийг шилжүүлэх хүртэл хугацаанд CASP-AP-ийн байгууллагын 2023-2024 оны төлөвлөгөө, төсвийг батлах, уг төлөвлөгөө, төсвийн нэмэлт өөрчлөлтийг хянах, зөвлөлийн албан хаагч, ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг зохицуулах, гишүүн улс орнуудын хамтын ажиллагаа, оролцоог хангуулах, бусад иргэний нисэхийн байгууллагууд /ICAO, ACI, IATA, PASO гэх мэт/-ын харилцан ажиллагааг хангуулах зэрэг CASP-AP байгууллагын гадаад дотоод бүхий л үйл ажиллагаанд оролцох юм.
Ийнхүү CASP-AP-ийн удирдах зөвлөлийн 18 дугаар хурал амжилттай үргэлжилж байна.