АНУ-руу шууд нислэг үйлдэх “Хубилай хаан” Боинг-787-900 агаарын хөлөг дөнгөж сая өнөөдөр өглөө 10:05 цагт “Чингис хаан” ОУНБ-д газардлаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” албан ёсоор батлагдсан юм. Ингэснээр хорь гаруй жилийн өмнөөс яригдсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдэв.
Энэ хүрээнд “МИАТ” ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны 5 дугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг “Чингис Хаан” ОУНБ-д дөнгөж сая газардлаа. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авна.
Уг агаарын хөлөг нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 премиум, 226 энгийн/ захиалсан.
МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх юм.