Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2023 онд олон улсын нислэгийн чиглэлд 1 сая 50 мянган зорчигч, орон нутгийн нислэгийн чиглэлд 450 мянган зорчигч буюу нийт 1.5 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн.
Тэгвэл 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс наймдугаар сарын 13-ны хооронд агаарын тээврээр нийт 1.023.710 зорчигч зорчсон буюу төлөвлөгөө 68 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн дээрх хугацаанд Олон улсын өнгөрөлтийн нислэг 22.953 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурсан байна. Харин Олон улсын хөөрөлт, буултын тоо 5.604 болж өмнөх оны мөн үеэс 105 хувиар өссөн, Орон нутгийн хөөрөлт, буулт 6.121 болж 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ онд олон улс болон орон нутгийн нислэгийн чиглэлд нийт 20 мянган тонн ачаа, шуудан тээвэрлэхээр төлөвлөсөн бол наймдугаар сарын 13-ны байдлаар нийт 4.895 тонн ачаа, шуудан тээвэрлэсэн үзүүлэлттэй байгаа юм.