Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг эцэслэн баталлаа. Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын уг хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Үүний үр дүнд 2024 оны хоёрдугаар улирлаас эхлэн Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болж байна.
Манай улсаас АНУ-руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 30-50 цаг зарцуулж, 2000-4000 долларын тийз төлдөг байсан бол шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацааг 3-4 дахин хэмнэх буюу 10-12 цаг болгож, илүү ая тухтай зорчихоос гадна олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байна.