ИНҮТ-ийн ХАГ-аас зохион байгуулдаг ээлжит мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Энэ удаагийн мэдээллийн цагаар ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа газар, алба нэгжийн ажилтнуудад Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн талаар танилцууллаа.
УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг бүрдүүлэх, мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж, шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах”-аар тусгасны дагуу Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинэчлэн боловсруулж, 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан.
Хууль 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа ажилтнууддаа хуулийн онцлог, хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой бэлтгэл ажлын талаар танилцуулж, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.