Иргэний нисэхийн үндэсний төв “Номадиа Пикчерс Продюсинг” ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцон Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Иргэний нисэхийн үндэсний төвийг төлөөлж ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан, “Номадиа Пикчерс Продюсинг” ХХК-г төлөөлж ерөнхий продюсер Б.Наранбат нар санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. Энэхүү хамтран ажиллах санамж бичгийг байгуулсанаар “Номадиа Пикчерс Продюсинг” ХХК-тай хамтран нисэхийн салбарын үйл ажиллагааг харуулсан олон ангит кино бүтээх, хөрөнгө оруулалт хийх болон тус олон ангит киног олон нийтийн хүртээл болгох чиглэлээр хамтран ажиллах юм.
Санамж бичгийг байгуулсанаар 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаанд нисэхийн салбарын онцлог, бодит жишээг ашиглан зохиол бичиж, дуу дүрс, жүжигчдийн ур чадварыг чанарын болон мэргэжлийн өндөр түвшинд харуулсан олон ангит киног бүтээнэ. Олон ангит киног нисэхийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой уялдуулан 2025 оны 2 дугаар сараас эхлэн олны хүртээл болгон цацаж, 5 дугаар сард дуусаж байхаар төлөвлөж байгаа юм байна.