ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр ирэх 7 хоногт болох “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум арга хэмжээнд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд маш сайн анхаарч ажиллахыг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа үүрэг болголоо. Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүсийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилгоор “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.
Мөн орон нутгийн зарим нисэх буудалд хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтэд анхаарч ажиллах, салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг түргэвчилж, улирал солигдохтой холбоотой нислэгийн саатал гаргахгүй байхад онцгой анхаарах, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах саналаа алба нэгжүүд 11 дүгээр сард багтаан боловсруулах зэргийг холбогдох алба, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.