Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Катар Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хөгжиж буй орнуудаас Катар Улсад хоёр жилийн тэтгэлэгт дипломын сургалтад хамруулах сонгон шалгаруулалтыг ИКАО-аас зарласны дагуу цаг уурын ажилтан бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрт 1 горилогчийг ИНЕГ-аас нэгдсэн журмаар тодорхойлж, сонгон шалгаруулалтад оролцох боломжийг олгох зорилгоор та бүхэнд энэхүү зарыг хүргүүлж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн нөхцөл болон тавигдах шаардлага:
Сургалтын чиглэл:
- Цаг уурын ажилтан.
Тэтгэлэгт хөтөлбөрт багтсан зардлууд:
- Сургалтын төлбөр;
- Суралцах хугацаанд байрлах байр;
- Дадлага хийх үед гарах тээврийн зардал;
- Монгол-Катар тээврийн зардал.
Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага:
- 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байх;
- IELTS-ийн албан ёсны 6.0-аас доошгүй оноотой, онооны хүчинтэй хугацаа дуусаагүй байх; /Хүчинтэй хугацаа дуусаагүй TOEFL шалгалтын албан ёсны оноог мөн дүйцүүлж болно/.
- Эрүүл мэндийн шаардлага хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хавсаргасан сонгон шалгаруулалтын анкетыг бөглөх;
- Их, дээд сургуулийн дипломын хуулбар, хэрэв суралцаж буй бол сургуулийн тодорхойлолт;
- Ажлын газрын тодорхойлолт;
- Иргэний үнэмлэхний хуулбар /E-Mongolia-аас авах/;
- Эсээ /Хэрэв сонгон шалгаруулалтад тэнцэж, Катар Улсад суралцвал таны болон Монгол Улсын хувьд ямар эерэг үр дүн гарах талаар 1500-аас доошгүй үгтэй эсээ англи хэл дээр бичих/;
- TOEFL, эсвэл IELTS-ийн албан ёсны оноо;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Хавсаргасан эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг ерөнхий эмчийн гарын үсэг зуруулан, тамга тэмдэг даруулсан байна.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдын материалыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цаг хүртэл Нисэхийн сургалтын төвийн 205 тоот өрөөнд хүлээн авна. Ирүүлсэн материалд ИНЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд тавигдсан шалгуурын дагуу сонгон шалгаруулалт хийж, удирдлагад танилцуулна.
Асууж тодруулах зүйл байвал zoljargal.a@mcaa.gov.mn болон ажлын өдрүүдэд, ажлын цагаар 71283314, 88644600 утсаар холбогдон мэдээлэл авна уу.