ИНҮТ-ийн ХАГ-аас зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо. Энэ удаад Иргэний нисэхийн салбарт мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг ханган, учирч болох халдлага эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээллийг нийт ажилтнуудад өгөх зорилгоор Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны инженер Д.Лхагва-Очир “Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь ажилтан бүрийн үүрэг” сэдвээр мэдээлэл өглөө.
Энэ үеэр ажилтнууд аливаа биет болон цахим мэдээллийг ил задгай орхихгүй байх, хэвлэсэн баримт материалыг аюулгүй газарт хадгалах, ажлын ширээгээ орхиж явах үедээ компьютерыг түгжих зэрэг мэдээллийн аюулгүй байдлын анхан шатны хяналтуудыг өдөр тутамдаа хэвшил болгосноор эрсдэлээс сэргийлэхийг санууллаа. Мөн ажлын болон хувийн хаяг, мэдээллийнхээ нууц үгийг халдлагад өртөх боломжгүйгээр хэрхэн зөв бүтээх, халдлагад өртсөн тохиолдолд хэрхэх, сүүлийн үед цахим орчинд эрчимтэй буюу хамгийн өндөр давтамжтай хийгдэж буй халдлагуудын талаар мэдээлэл өгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.