Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Монгол Улс, БНАЛАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ.
“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Нийтийн аж ахуй, тээврийн сайд Нампасо Муанмани нар гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон карго тээврийн хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжтой болох юм.
Зүүн өмнөд Азийн орнуудаар аялах сонирхолтой монгол иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, БНАЛАУ-ын Засгийн газраас 2024 оныг “Аялал жуулчлалын жил” болгосонтой уялдуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болжээ.