Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2, 3 дугаар зорилтын хүрээнд агаарын навигаци болон нисэх буудлуудын үйлчилгээг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын бодлого, зөвлөмжид нийцүүлэн хөгжүүлэх ойрын болон хэтийн чиг хандлагыг тодорхойлох, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын хүрээлэн буй орчныг хамгаалах талаарх баримтлах бодлого болон баримт бичиг 10127-ийн дагуу хүрээлэн буй орчинд эерэг, инновацид суурилсан технологийг дэмжих, энергийн эх үүсвэрийг иргэний нисэхэд ашиглах талаар холбогдох судалгаа хийх, Чикагогийн конвенцийн Хавсралтад тусгагдсан стандартуудыг үндэсний баримт бичигт тусгаж, хэрэгжилтийг хангах, нисэхийн хүрээлэн буй орчныг хамгаалах, төлөвлөлт ба хэрэгжүүлэх бүсийн хэсэг (AEPPIRGs)-ээс гаргаж буй бүс нутгийн хэмжээнд баримтлах бодлого, чиглэлийг үндэсний баримт бичигт тусгаж, хэрэгжилтийг хангах, хүрээлэн буй орчныг хамгаалах, дуу чимээний хязгаарлалтыг нисэх буудлуудад хэрэгжүүлэх талаар олон улсын байгууллагууд (ACI, CANSO гэх мэт)-тай хамтарч ажиллах, техник технологийн шинэчлэл, сайжруулсан нисэхийн түлш, иргэний нисэхийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй дэд бүтцийг сайжруулах зэргээр хүрээлэн буй орчныг хамгаалахад агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын чиглэлээр ойрын, дунд хугацааны болон стратегийн төлөвлөгөөг боловсруулах арга хэмжээ авна.
“Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр”, “Агаарын тээврийг хялбаршуулах хөтөлбөр”, “Агаарын хөлгийн шувуу мал амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх хөтөлбөр”-т нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авна.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүрх олон улсын нислэгийн өнгөрөлт, дамжин тээвэрлэлтийн хэмжээг өсгөх арга хэмжээ авах, агаарын зай бүтэц, зохион байгуулалт, агаарын замын сүлжлийг төлөвлөх, нислэгийн зөвшөөрөл олгох, нислэгийн журам батлах, нисэхийн мэдээллийн менежментийг хэрэгжүүлэх, эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг зохион байгуулах, иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эдийн засгийн тооцоо судалгаа хийх, иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмжүүдийн ашиглалтад тэнцэх гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Агаарын хөлгийн хөөрөлт, буултын хөдөлгөөн, зорчигч, ачаа эргэлтийн талаар судалгаа хийж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, тухайн нисэх буудлуудын хүчин чадалд тулгуурлан тогтмол нислэгийн цагийн хуваарийг нэгтгэх, санал авах, батлах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах, аюулгүй байдлын үзлэгийн ажилтан, зааварлагчийг үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулах, агаарын навигацийн болон нисэх буудлуудын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Агаарын навигаци болон нисэх буудлуудын үйлчилгээг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах асуудлыг хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь дарга, дэд даргын шууд удирдлагад үйл ажиллагаа явуулах бөгөөд үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь үйлдвэрлэлийн нэгжүүд, гадаад, дотоодын агаарын тээвэрлэгчид болон бусад хэрэглэгчид байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч нь Зам, тээврийн хөгжлийн яам байна.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд төсөл, хөтөлбөр хариуцсан нэгж ажиллана.